Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.04/ мэдээлэл хийлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа “Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Хоёрдугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагийн байдлаар дэлхий дахинд 2838 тохиолдол шинээр нэмэгдэж, 57 хүн нас барлаа. Нас баралтын хувь хоёр хувьтай хэвээрээ байна. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр өөр улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ложистик хангамжийн баг хувийн хамгаалах хувцасны хэрэгцээ тооцоог судалж, улс орнуудад нийлүүлж эхлээд байна. Монгол Улсад ирэх долоо хоногт цөөн тооны хувийн хамгаалах хувцсыг нийлүүлнэ.
ДЭМБ-аас анхны тохиолдол болон тэдгээрийн хавьтлын судалгааг шинээр гаргасан. Мөн амны хаалтыг олон нийтийн газар болон гэрийн нөхцөлд хэрхэн хэрэглэх тухай түр удирдамж гаргасан. Түр удирдамжийн гол санаа нь ханиах, найтаах болон халдварын шинж илэрсэн үед нэг метрийн зайд амьсгалын замын халдвар тархах эрсдэлтэй гэж үзэж байна” гэв.
БНХАУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ 5200 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭЭД БАЙНА
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Гадаад харилцааны яам хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газраас гадна хилийн чанадад байгаа нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийг ЭСЯ-дад өгөөд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Нэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын Цагаан сарын дараа хил нээгдсэнээс хойш өнөөдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд 5200 Монгол Улсын иргэн БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор ирсэн байна.
Өчигдөр гэхэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 гаруй иргэн ирсэн. Одоогийн байдлаар Эрээн хотод байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан 150 иргэнийг хил нэвтрүүлэх арга хэмжээ явагдаж байна. БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг Хоёрдугаар сарын 5-ныг дуустал автозамын боомтоор нэвтрүүлж, хоёрдугаар сарын 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.
Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд Монгол Улсын ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Энэ нь та бүхэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг шуурхай хүргэх ач холбогдолтой байдаг.
Зарим улс орон коронавирусийн халдвартай холбоотойгоор хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлөх эрсдэлтэй учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байна” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Япон улсын халдварт өвчин судлалын төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн. Ирэх долоо хоногт ДЭМБ-ын тусламжаар ирэх 3000 оношлуурын эхний ээлж ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
zarim ni hujaad jijeg sajig heregeer horigdoj bgashd.ter hvmvvsig abahgui bol tend ni vhsen bsn helelgvi dalaid hayachij medeh l bh shv