Өмнөд хөршөөс гаралтай коронавирусын халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед бид өөрсдийгөө хамгаалахаас өөр аргагүй. Энэхүү аюулт вирус Монгол Улсын үүдэн дээр хаалга тогшин зогсоно гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тэгэхээр бид нэг нэгнээ хялайн харж байхаар биеийн дархлаагаа дэмжихээс эхлээд хоол хүнсэндээ анхаарах нь юу юунаас чухал болжээ. Азаар Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй байна, зуун зуунаар уламжлагдаж ирсэн бэлчээрийн мал сүрэг маань бодит байдлаараа тал дүүрэн бэлчиж байна. Манай оронд 700 гаруй ургамал ургадгаас 500 орчим нь ямар нэгэн эмийн төрлийг агуулж байдгийг судлаачид гаргаж тогтоосон. Байгаль эхээс урган гарч байгаа ямар ч химийн бодисгүй 500 нэр төрлийн эмийн ургамал идэж байгаа малын мах бол өөрөө юу юунаас илүү “шидтэн” юм. Энэ бол Монгол хүний биеийн дархлааны нэгэн том хүчин тулгуур гэдэгтэй дэлхийн хаана ч маргахгүй.
Монгол мал бол шилэн пүнзэнд химийн бордоогоор тэжээлгэдэг Австралийн үхэр биш, бусад орны тахиа, гахай бүр ч биш учраас өөрийн гэсэн онцлогтой. Эрс тэс уур амьсгал, цагийн ямар ч үед хээрийн бэлчээрт онгон дагшин явдаг малын мах өөрөө эм байхаас аргагүй. Нөгөө талаар эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо ч бидний биеийн дархлааг өргөх нэгэн шалтгаан. Өмнөд хөрш ч юм уу, дэлхийн бусад хөгжингүй гэх орнуудын хүнсний хэрэглээний ногоо тэр чигээрээ химийн бордооноос гарсан бүтээгдэхүүн байдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэд хүнснийхээ хэрэглээний үр хөврөлийг ч лабораториас гаргаж авч байхад монголчууд эх орны эрүүл хөрснөөс үр хөврөлөө гарган авч, үүнийгээ эрүүл хөрсөнд тарьж ургуулж байгаагаараа туйлын онцлогтой. Өдөр тутмын хэрэглээний гурил ч ялгаагүй, онгон дагшин газар, эх орны хөрс шороонд ургуулсан будаагаар хийж байгаа нь ч бидний дархлааны нэгэн том дэмжлэг гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна ааруул, сүү, цагаан идээ гээд бэлчээрийн малаас гарч буй бүтээгдэхүүн ч нэгэн эм учраас бидний биеийн нэгэн том дархлаа. Дэлхий дахинаа дархлаа дэмжих нэртэй элдэв витамин байдаг ч бидний үндэсний хүнсний хэрэглээний дэргэд жулдана.
Тиймээс бид дэлхий нийтэд заналхийлж байгаа аюулт вирусээс хамгаалахын тулд амны хаалт зүүж, спиртээр гараа угаахаас гадна хүнсний хэрэглээндээ анхаарах нь юу юунаас чухал болжээ. Үүнээс харахад монголчууд бид үүдэн дээр хаалга тогшин зогсоо вирусыг гэртээ оруулалгүй буцаах бүрэн боломжтой ард түмэн аж. Ийм хэмжээний хүнсний хэрэглээтэйгээс гадна Төв Азийн өндөрлөгт цаг агаарын эрс тэс орчинд амьдардаг, тэнгэр нь цэлмэг, агаар нь уужим, хөрс шороо нь эрүүл гээд давуу тал байна. Бид ерөөсөө малынхаа мах, малаас гарах сүү, цагаан идээ, эрүүл агаараа шүтээд явахад тэр вирус үүдэн дээрээс буцаж таарна.
Сэтгэгдэл ( 0 )