Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэрийг Засгийн газар 2020.01.31-ний өдөр гаргасан билээ.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, гуравдугаар сарын 2-ныг хүртэлх Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглосон.
Шийдвэрийн хүрээнд БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг хоёрдугаар сарын 5-ныг дуустал урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэхээр зааж, хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлэхээр зохицуулсан.
БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгааг анхааруулъя.
Нэгдүгээр сарын 28-наас хойш хоёрдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 5300 гаруй монгол иргэн эх орондоо буцаж иржээ.
Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан байгаа.
Сануулахад, Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.06/ ээлжит мэдээллээ хийсэн. Мэдээллийн ЭНД дарж уншина уу!
Энэ үеэр ЗТХЯ-наас цаг үеийн байдалтай холбогдуулан зам, тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан юм.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд “Иргэний нисэхийн салбарт 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн БНХАУ-д нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын гурван нислэг, хоёрдугаар сарын нийт 20 нислэг, гуравдугаар сарын хоёр нислэгийг өнөөдрийн байдлаар түр цуцлаад байна. Мөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдад урьдчилсан зааварчилгаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна. Төмөр замын чиглэлээр ням гарагаас бусад гаригт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа. Өнөөдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтийн дагуу зогсоолоо. Бусад галт тэргүүд бүгд аялж байна. Гэхдээ агаарын болон төмөр замын тээврээр Монгол Улсын иргэдийг БНХАУ руу аялахгүй байх заавар чиглэл өгч байгаа. Гэхдээ зайлшгүй ажлын шаардлагаар гарах бол Хил хамгаалах газраас зөвшөөрөл олгож ажиллаж байна.
Авто тээврийн чиглэлээр БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг гаргахгүй байгаа. Мөн өнөөдрөөс эхлэн боомтуудыг түр хугацаагаар хаасан. Иймд зорчигчдыг зөвхөн агаарын болон төмөр замын тээврээр тээвэрлэхээр шийдвэрлэсэн” гэдгийг санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )