ШУУРХАЙ: БНСУ-д ажилладаг Монголын таван иргэн КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР авчээ

2020 оны 08 сарын 26

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон 3 иргэн нийт 8 иргэн коронавирусын /covid19/ халдвар авсан болох нь 8 дугаар сарын 26-ны өдөр тогтоогдсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа болно.

Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн 8 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Манай иргэд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Иймд БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top