Намайг О.Ганжигүүр гэдэг. “Black Ocean Ulaanbaatar” кофе шопын үүсгэн байгуулагч. 2019 оны есдүгээр сараас эхэлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч коронавирусээс шалтгаалан энэ наймдугаар сард үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.
Үйл ажиллагаагаа зогсоох болсон шалтгаан нь мэдээж санхүүгийн асуудал. Коронавирус нэг сарын сүүлээр мэдэгдсэнээс хойш дөрөвдүгээр сар хүртэл алдагдалтай ажилласан. Нээгээд удаагүй өөрийн гэсэн хуримтлал үүсгээгүй дээрээс нь түрээслэгч нараас ямар ч хөнгөлөлт байгаагүй болохоор хүнд туссан.
Тавдугаар сараас буцаад үйл ажиллагаа маань сэргэж, үйлчлүүлэгчид ирж эхэлсэн ч уналтын байдлаасаа гарч чадахгүй л байсан. Мөн түрээслэгчтэйгээ ч ойлголцож чадаагүй учраас үйл ажиллагаагаа дахиад л зогсоохоос өөр аргагүй болсон. Манай кофе шопын хувьд түр зогссон болохоос дампуурсан гэсэн үг биш. Цаашид өөр газар дахин кофе шопоо нээхээр ажиллаж байна.
Өмнө нь залуучуудад зориулж үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо дахин кофе шопоо нээхдээ илүү өргөн хүрээнд ажиллаж, суудлынхаа тоог нэмэх, ганцхан уух зүйлс биш өөр бусад зүйлсийг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Кофе шопоо дахин нээхээр олон газруудыг судаллаа. Ихэнхи нь хотын төвд байршил сайтай газрууд байсан ч төлбөрийн ямар ч уян хатан нөхцөлгүй, коронавирус гарахаас өмнөх түрээсийн ханштайгаа байна. Гэсэн атал түрээслэгч олдоогүй олон газартай таарсан. Одоо байгаа хүмүүсийн нөхцөл боломжийг тооцож үзэхгүй, засвар хийх хугацаа ч өгөхгүй шууд түрээснээсээ хугацаа тооцно гэсэн газрууд олон байсан. Энэ нь залуу, шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст хэцүү шүү дээ.
Тийм болохоор дахин үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хуримтлалтай болох ёстойг маш сайн ойлгосон. Мөн байршлын хувьд хүний урсгал дагуу байх, түрээслэгчтэйгээ харилцан зохицох боломжтой газрыг илүү сонгох нь чухал юм байна лээ.
Яг одоогоор сонгож авсан газартаа бүхнийг дахин эхлэх гээд засвар хийж байна. Өмнө нь цайны газар байсан болохоор засварын ажил их шаардаж байна. Гэсэн ч өмнөх өнгө төрхөө алдахгүйгээр тав тухтай хэв маягаа хадгалж авч үлдэнэ. Эцэст нь яг над шиг үйл ажиллагаа нь түр зогссон хүмүүс байгаа бол алдаанаасаа суралцаад, дахин эхлээрэй гэж зөвлөе.
Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 2 )
❤❤❤
Амжилт хүсье. Ажиллах гэж зүтгэж байгаа нэгнээ дэмжээд өгвөл хэрэгтэй гэдгийг ойлгох сэтгэл алга л даа. Ялангуяа түрээслэгчид. Бүгд мөнгө олох сэтгэлгээ нь давамгайлсан улс