ХӨСҮТ-ИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДЭЛ ЗӨРЧИЛ БИШ ЭРҮҮГИЙН НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ!!!
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.03.16/ орой Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-д ажилласан. Энэ үеэрээ цар тахлын үед хамгийн хариуцлагатай ажиллах ёстой ХӨСҮТ-ийн зарим ажилтан авлига авч, халдварын шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх ноцтой мэдээллийг дэлгэсэн юм.
Тэрбээр "ХӨСҮТ-д асуудал байна. Байх, байхдаа бүр ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, мөнгө авдаг нь тогтоогдсон. Нэг эмэгтэй нөхрийнхөө өмнөөс очиж шинжилгээ өгсөн байна. Өөрөөр хэлбэл, эхнэрийнх нь шинжилгээний хариуг нөхрийнх нь болгож өөрчилсөн гэсэн үг. Гэтэл тэр нөхөр нь зүгээр гээд хөдөө яваад байдаг. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн байдаг. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд эхнэр нь өмнөөс нь шинжилгээ өгсөн чинь хариу нь эерэг гарчихаж байна. Хариуцлагатай байх ёстой ажилтан нь хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа болохоор тархалт их, бидний хийж байгаа ажил үр дүнгүй болоод байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш олон ноцтой асуудлын зөвхөн нэг нь шүү" хэмээн Эрүүл мэндийн яам болон олон нийтэд хандан мэдэгдсэн.
Харин өнөөдрийн /2021.03.17/ Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дээрх асуудалд тайлбар өгөхдөө "Энэ бол маш ноцтой мэдээлэл. Бид энэ асуудлыг тэр чигээр нь чухалчлан авч үзэж, нягталж, судалж байгаа. Хэрэв энэ үйлдэл нь үнэн байж, баримтаар нотлогдвол бид байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна" гэх байр суурийг илэрхийллээ.
Хэрэв хууль, хяналтын байгууллагаас дээрх үйлдлийг шалгаж, ХӨСҮТ-ийн ажилтнуудын буруутайг тогтоох аваас энэ нь эрүүгийн маш ноцтой гэмт хэрэг болно гэдэг үгийг хуульч, өмгөөлөгчид хэлж байна. ХӨСҮТ-ийн ажилтны мөнгө авч, шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэх эл үйлдэл нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлчлэлээр яллах хангалттай үндэслэлтэй гэдгийг ч дайхаа мартсангүй. Өөрөөр хэлбэл, энэ нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдаас авлига авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг гэмт хэрэгт тооцогдох ажээ.
Гэхдээ одоогоор Шадар сайдын дэлгэсэн мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Одоогоор ямар нэгэн холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна" гэсэн тайлбар өглөө.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 3807 болоод байна. Ялангуяа сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар авсан иргэдийн тоо өдөрт 100, 100-аараа тоологдож байгаа билээ.
Халдварын өндөр эрсдэлтэй байгаа ч хатуу хөл хорионоос татгалзаж буй хүн бүр хариуцлагтай байх ёстой хамгийн чухал үе ирсэн байтал ХӨСҮТ-ийн ажилтан нь бусдаас мөнгө авч, шинжилгээний хариуг хуурамчаар үйлдээд сууж байдаг явдлыг хэрхэн ойлгох вэ? Ийм ноцтой асуудлыг "Үйлдэл нь тогтоогдвол байгууллагынхаа дотоод журмаар асуудлыг шийднэ" гэж тайлбарлаж суугаа ХӨСҮТ-ийн дарга нараас цаашид юу хүлээх вэ?
Бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох аваас зохих хариуцлагыг нь тооцуулах, цаашлаад ХӨСҮТ-ийн идээ, бээрийг нэг сайн шахаж өгөх шаардлагатай байна.
Ер нь төрийн дунд шатны байгууллага, энэ шатны алба хаагчид ажилдаа хойрго, хариуцлагагүй хандаж байгааг бид нэг бус удаагийн жишээнээс харлаа. Төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн эхийг өвлийн хүйтнээр дан халадтай, нимгэн шаахайтай гаргасан явдал ч бас дунд шатны алба хаагчдын хариуцлагын, хүн чанарын асуудал байсан.
Хөвсгөл, Архангай, Дундговь гээд халдваргүй байсан аймаг, орон нутагт халдвар тархлаа.
Нөгөө талаар иргэдийн ухамсар дэндүү дорой байна. Ийм цаг үед нэг нэгэндээ шаардлага тавьж, хувийн хариуцлага, сахилга баттайгаар нийгмийн амьдралд оролцох үүрэгтэй байтал өөрийнхөө өмнөөс эхнэрээ шинжилгээ өгүүлчихээд, эерэг хариугаа нуун, хөдөө явж байдаг хүмүүс байна гэхээр ой тоонд багтамгүй юм. Шинжилгээний бичиг авахын тулд хүнд мөнгө төлдөг, нөгөөх нь мөнгө авч зохицуулдаг ийм увайгүй нүднээс далд үйлдлүүд халдварыг яаж ч тэлж, тараасан юм билээ, хэлэхийн арга алга.
Монгол Улсын коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүртэл баталсан. Энэ хуулийн хэрэгжилт, хариуцлага, сахилга бат хаана байна вэ?
Халдвараас хамгаалах, эмчлэх, сэргийлэх ёстой ажилтнууд нь мөнгө авч тараагаад байвал энэ цар тахлыг давахын төлөө байгаа эгэл жирийн иргэд, олон нийт хэдий хүртэл тэвчих болж байна вэ?
ХӨСҮТ-ийн ажилтан шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн, түүнийг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн, эхнэр, нөхрөөрөө шинжилгээ өгүүлсэн хүмүүсийг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэж, халдвараас өөрсдийгөө хамгаалахын төлөө хичээж байгаа энгийн иргэдээс уучлал эрэхийг шаардаж байна.
Энэ бол хэдхэн хувь хүний асуудал биш нийгмээрээ "хөлөө хориулсан" хүн бүрийн эрүүл мэнд, эрх чөлөөтэй холбоотой ноцтой хэрэг шүү!!!
Сэтгэгдэл ( 13 )
ХӨСҮТ-н мөнгөнөөс юуугаа ч худалдахад бэлэн гуйлгачин сэтгэхүйтэй гуйлгачин амьдралтай зарим нэг балиар хүүрнүүд ийм юм хийж бгаамштээ
Цагдаа нь мэдээлэл ирээгүй бн ч гэх шиг, Дарга нь байгууллагын дотоод журмаар шийднэ ч гэх шиг, Юу яриад бгаа юм бэ? Шууд баривчлаад дайны цагийн хуулиар хатуу шийтгээч, бусад ийм балиар санаатай хүмүүст сургамж болог. Юу яриад юу хүлээгээд суугаад бдаг сүгнүүд вэ
ХӨСҮТ-ИЙН АЖИЛТНУУД ЮУ ХИЙЖ БАЙНАА.НИЙСЛЭЛИЙГ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГОЛОМТ БОЛГОСОН ЮМ БИШ ҮҮ.ШАДАР САЙД АМАРСАЙХАН МУНДАГ БАЙНА ИЙМ МУУХАЙ ҮЙЛДЛИЙГ ОЛЖ ТОГТООНО ГЭДЭГ МАШ ХЭЦҮҮ.ХӨСҮТ-ийн ажилчид иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байнс.Эмнэлгийн байгууллагын нөхдүүд ийм муухай байхаар ард иргэд хэнд итгэх болж байнаа.Энэ халдварт өвчин тархааж байгаа нөхдүүд дайны байдалд үүрэг гүйцэтгэж байгаа бусуу тийм учраас ДАЙНЫ ХУУЛИАР ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ
Шадар сайд Амарсайхан та мэдээд мэдээлэл хийж байгаа юм бол нэр устай нь зарлаад ном журмаар нь цагдаагийн байгууллагаар шалгуулаад шүүхээр холбогдох арга хэмжээг авахуулаачээ. МАН-ын мангарууд дарга нар бүгдээрээ дандаа л ийм хэрэг хийсэн, тийм юм болсон. Цаг нь болохоор нэрийг нь зарлана гэж дандаа худлаа юм, болоогүй явдал, хийгээгүй хэрэг ярьж худлаа шуугиан үүсгэж ард түмнийг бухимдуулж байх юм. Болиочээ
Huu mini ingej medegdel hiij bolohguiee yun dotood juram be? Ene chin notstoi asuudal shuudee! Ta nariin hariutslagatai holbootoi! Bas tsahgdaa ymar ym helve? Avgai nuhur 2 huvilaad hiisen ym chini hen n hendee gomdol gargaj tand uguh ve? Yun gomdol ireegui gej buruu yriad bnaa???
Дэд дарга өөрсдийгөө өмгөөлж бн танай дотоод асуудалааар шийддэг хэрэг биш энэ чинь халдварт өвчин санаатай тараасан аймшигтай хэрэг шүү дээ яасан арилсан дотортой муухай хүмүүс вэ \n
Ingen ingen huduu yvahin bol ter huduuduu amidaraaach de arai l yumaa
Юу вэ Энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Бүр ноцтой гэмт хэрэг гаргачихаад байхад дээр дооргүй зүгээр яриад сууж байгааг ойлгох ухаан хайрлаа ч
энээ нь санаатай халдвар тархааж буйй ноцтой хэрэг
Шууд ял өг
ил тодоор нэр зургийг зарлан хариуцлага хүлээлгэх нь зөв
Эндээс л болж эх үүсвэр нь тодорхойгүй хавьтлууд нэмэгдэж буй хэрэг. ХӨСҮТ нь өөрөө мэддэггүй. Хаанаас хавьтлууд бий болоод байна аа гээд л гайхшаа бараад суудаг. Гэтэл хамар доор нь ажилчид нь шинжилгээний хариуг будилуулж хуурамч хариу өгөөд сууж байдаг. Мэдээж мөнгө л биз дээ, шалтгаан нь. Хөгшин нь бизнесээ алдлаа, туслаарай, хариуг нь сөрөг гаргаад өг гэдэг хэрэг байх л даа. Нөгөөдөх нь ч дуртайяа үйлчилнэ.
Юун байгууллагын дотоод журмаар шийдэх вэ энэ чинь улс орон, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг биз дээ!