Улаанбаатарт 149, орон нутагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийлээ. (2021.03.18)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүнд шинжилгээ хийхэд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, 9 нь орон нутагт илэрсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын 7 нь Хөвсгөл, 2 нь Төв аймагт хамаарч байна. Ийн орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тоо 358 боллоо. Харин Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо 3607 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 4498 хүрлээ (Дотоодын халдвар 3965).

Халдвартай нь шинээр бүртгэгдсэн 158 иргэний 137 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байгаа бол 21 хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Халдвар илэрсэн тохиолдлууд БЗД-ийн 5, 10, 22, Баянгол дүүргийн 13, 15, 25, Сүхбаатар дүүргийн 17, 18, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 41, Хан-Уул дүүргийн 18-р хороонд амьдардаг иргэд байна. Шинээр голомт илрээгүй.

Харамсалтай нь, сүүлийн үед хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсны улмаас эмчлүүлж байсан 89 настай эрэгтэй нас баржээ.

Өвчтөн 24 хоног эмчлүүлсэн бөгөөд сүүлийн 14 хоногт эрчимт эмчилгээ хийлгэжээ. Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан аж. 

Өчигдөр 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 боллоо. Энэ нь нийт бүртгэгдсэн 4498 тохиолдлын 71 хувийг эзэлж байна.
 

 

Top