Коронавирус халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.19/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2021 оны гуравдугаар сарын 18-ны 21 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 106 багийн 743 ажилтан 16063 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Нийслэлийн хэмжээнд ингэснээр 171.535 хүнийг "ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Тухайлбал, худалдааны байгууллагын 31.513 хүн, ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтан 25.731 хүн, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 22.774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан 11403 гэх зэргээр хамрагдлаа.
Түүнээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа жолооч ажилтнуудыг вакцинжуулах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций зэрэг суманд дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр улсын хэмжээнд нийтдээ 171.949 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Дэлхий дахинаа коронавируст халдварын эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэл зүйн туршилт судалгаа хийгдэж байна. Албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүнээс есөн вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон ба бусад вакциныг бүргэн авч, шалгах ажил үргэлжилж байна. Одоогоор нийт 141 улсад 326.858.656 тун вакцин хийгдээд байна.
Вакцин тариулсны дараа дархлаа тогтоох байдлын тухайд астразеника дээр анхны тунг тариулсны дараа 8 долоо хоногийн дараа 2 дахь тунг хийнэ. Синофарм үйлдвэрийн синовак вакцин дээр 21-28 хоногийн дараа 2 дахь тунг тариулна. Түүнээс хойш хамгийн багадаа 3 долоо хоногийн дараа хувь хүн бүрт ялгаатай дархлаа тогтож байгаа. Тэр болтол бид халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн барих ёстой." гэв.
Сэтгэгдэл ( 3 )
hezee 3 say irgenee vaktsinjuulj duusna daa
er ni ih udaan yvj bndaa
naad hun chin ajilaa medehgui bainaa