Өнөөдөр /2021.03.19/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэвлэлийнхэн асуулт асууж, хариулт авлаа. Хүн амын хэдэн хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтох вэ. Сүргийн дархлаа гэж юу вэ? гэсэн асуултад дараах хариултыг өглөө.
“Одоогоор эрдэмтэд хүн амын хэдэн хувь нь коронавирусний эсрэг вакцин хийлгэхэд энэ өвчний эсрэг сүргийн дархлаа тогтох вэ гэдгийг сайн судалж тогтоогоогүй байна. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсанаар халдварт өвчин тархахад бэрхшээлтэй болж байгааг хэлдэг.
Жишээлбэл, хэрэв та улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ/MMR) вакцины хоёр тунг авсан бол хүн амын дунд улаанбурхан өвчин гарч байвал та энэ өвчнөөр өвчлөхгүй бас өөр хүнд дамжуулахгүй. Халдварын гинжин хэлхээний энэхүү тасалдал нь өвчнийг үр дүнтэй зогсоох боломжийг бий болгоно.
Хүн амын дундах сүргийн дархлаа нь шинэ төрсөн нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг халдварт өвчинд онцгой өртөмтгий хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ энэхүү сүргийн дархлаа нь тухайн орон нутагт хангалттай тооны хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд л үр дүнгээ өгдөг. Вакцин хийлгэх шаардлагатай хүн амын эзлэх хувь нь тухайн өвчин хэр зэрэг халдварлаж байгаагаас хамаарч халдварт өвчин тус бүрд өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95 хувь нь уг вакцинд хамрагдах шаардлагатай байдаг” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Nitiin darhlaa gedeguim baihdaa,joomni sureg baigaa bishde