Хөвсгөл аймагт коронавирусний батлагдсан тохиолдол өнөөдрийн (2021.03.19) байдлаар 10 хүрснийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 375 хүнд коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ хийжээ. Энэ үеэр Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний гуравт нь коронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10 болжээ.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг Цэцэрлэг суманд ажиллаж, ойрын болон дам хавьтлыг тогтоон, батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгааг үргэлжлүүлэн хийж байна гэх мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.
Түүнчлэн Цэцэрлэг суманд коронавирусийн халдвар (ковид-19)-ын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрын баг бүрэлдэхүүн тухайн суманд ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнийг өнөөдөр хуралдуулж, сумын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээг авч, батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчлэх байрыг бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, халдвараас сэргийлэх дэглэм сахиулах, ойрын болон дам хавьтлаас шинжилгээ авах, хавьтлуудыг тандах, хариу арга хэмжээ авах, ариутгал халдваргүйтгэл хийх, сумын хяналтын постуудыг чангатгаж, хөдөлгөөний хязгаарлалтыг хянах, худалгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг Сумын онцгой комиссын бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж, зөвлөн тусалж ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )