Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн хоногт нийт 15293 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс халдварын 148 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4806 боллоо. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3351 болж байна. Энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь байна. Шинээр халдвар авсан 148 хүн бүгд дотоодод халдвар авсан. Үүнээс 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Харин Хөвсгөл аймагт таван тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан 11 хүний голомтыг тодорхойлохоор ажиллаж байна" хэмээн ярилаа.
Харин иргэдийг вакцинжуулах ажлын явцын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа өгсөн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 43 цэг, 104 багийн 730 ажилтан 17656 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймгийн есөн суманд 1148 хүнийг дархлаажууллаа. Ингээд улсын хэмжээнд нийт 189969 хүнд вакцин хийгээд байна. Дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэдийн 30 хувь нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Тарьсан газар хөндүүрлэх нь 25.8 хувь, толгой өвдөх 24 хувь байна. Эдгээр шинж тэмдэг бол ямар ч вакцины дараа гардаг зүйл юм" хэмээн тодотголоо.