Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагт мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нэг тохиолдол нь гуравдугаар сарын 18-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн бол дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдэв. Харин 174 тохиолдол нь аймаг, орон нутагт илэрчээ.
Мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн дараах асуутад албаны хүмүүс хариулт өглөө.
-Өнөөдрийн байдлаар хувийн хэчнээн эмнэлгээр вакцинжуулалт хийгдэж байгаа вэ? Мөн вакцинжуулалт хийлгэхээр хүсэлт өгсөн хэчнээн эмнэлэг, эмийн үйлдвэрүүд байгаа вэ?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Өнөөдрийн байдлаар "Монгол Эм импекс" компанийн оруулж ирсэн вакциныг "Интермед" эмнэлэг хийж байгаа. Мөн "Монос", "Ачуур" гэсэн эмийн худалдааны бөөний төвүүд вакцин оруулж ирэхээр материалуудаа бэлдээд явж байна. Яг одоогоор орж ирсэн зүйл байхгүй. Ер нь ямар нэгэн хувийн хэвшлийн эмнэлэг, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрхэлдэг, вакцин оруулж ирэх сонирхолтой бүх байгууллагыг Засгийн газраас болон ЭМЯ-аас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр үүн дээр аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй хандаж болно.
-65-аас дээш насны хүмүүст вакцин хийж эхэлсэн үү? Жишээ нь, 80 настай иргэн пенциллины харшилтай. Өмнө нь пенциллин хийлгээд ухаан алдаж байсан. Уг нь вакцин хийлгэх хүсэлтэй байгаа ч Пфайзераас өөр вакцин таарахгүй байгаа. Ийм нөхцөл байдалтай хүн хаана хандах вэ? Синофарм вакцин хийлгэвэл сөрөг нөлөөтэй юу?
-65-аас дээш насны хүмүүс вакцинжуулалтад хамрагдаад эхэлчихсэн байгаа. Энэ насны иргэд маань тухайн хороондоо болон вакцинжуулалталтын цэгүүд дээр очиж, дархлаажуулалтад хамрагдах ёстой.
Тухайн 80 настай иргэний хувьд өөрөө ирж уулзан, тайлбар авсан. Хэрэв үнэхээр пенциллины харшилтай бол Арьсны өвчин, судлалын үндэсний төв дээр очиж, антибиотикын харшлаа тодорхойлуулах ёстой. Өөрийнх нь үзүүлдэг эмч нь тэр харшлыг тодорхойлоод, үнэхээр энэ хүн антибиотикт ийм харшилтай, ийм заалттай гэсэн зүйлийг мэдээлж, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд албан бичгээр уг хүнд ямар вакцин хийлгэхийг тодорхойлсон албан хүсэлтийг явуулах ёстой. Энэ тайлбарыг тухайн иргэнд өөрт нь мөн өгсөн.
-"Баянзүрх мед" эмнэлэгт энэ сарын 25-ны өдөр батлагдсан тохиолдол илэрч, хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг ариутгал хийнэ хэмээн гаргасан. Төлбөрөө төлөөд эмчлүүлж буй иргэдийн эмчилгээг дутуу хийгээд эмнэлгээс гаргаж болох уу?
-Цар тахлын онц байдал үүссэн үед тухайн эмнэлэг халдвар хамгааллын дэглэмээ бариад, байрандаа эцсийн болон байнгын халдваргүйтгэлийг хийх ёстой. Тухайн үед хэвтэж байгаа хүмүүсээ гаргаад, эмчилгээг цаашид гэрээр үргэлжлүүлэх ёстой. Тухайн төлбөр тооцооны асуудал нь бол хувийн байгууллага болон үйлчлүүлэгч хоорондын асуудал гэж үзэж байна.
-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг хурдан шуурхай олдог боллоо гэсэн мэдээлэл байна. Хэрхэн, яаж шуурхай олдог болж байгаа вэ. Өмнө нь хэд хоногт тогтоодог байсан бэ?
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Хавьтал судлалын ажил нь халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад ойрын хавьтлуудыг түргэн, шуурхай хугацаанд олох нь цаашид халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой. Манай улсын хувьд олон салбарт хамтын ажиллагааны үр дүнд хавьтлуудыг маш түргэн хугацаанд олж илрүүлдэг байсан. Ерөнхийдөө хэмждэг үзүүлэлт нь батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс хойш 48 цагийн дотор ойрын хавьтлыг 90 хувиас дээш илүүлбэл хавьтлыг маш сайн илрүүлж байна гэж үздэг. Саяхныг болтол 90-ээс дээш хувийн үзүүлэлттэй хавьтлыг олж чаддаг байсан бол сүүлийн 7 хоногт тохиолдлын тоо, үүнтэй уялдаад нийгэм нээлттэй байгаатай уялдаад ойрын хавьтлууд маш их гарч байгаа. Үүндээр хоёр зохицууулалтыг хийж хавьтлыг илүү сайн олохоор ажиллаж байна.
Нэгдүгээрт хүний нөөцөө нэмж байна. Хоёрдугаарт ашиглаж эхэлж байгаа зүйл бол тандалтын цахим програмыг ашиглан өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд өрхийн эмч нар маань гэр бүлийн хавьтал, ойрын хавьтлуудыг систем рүү оруулан үүнийг нь ХӨСҮТ-ийн хавьтал судлалын баг бусад салбарын хамтын ажиллагааны багууд нийлж баяжуулах маягаар хурдтай ажиллах боломж үүсээд байгаа. Үүний үр дүнд хавьтлуудаа хэдий олон илэрч байгаа ч төдий чинээ хурдан хугацаанд олох боломжууд үүсч байгаа.
-Коронвирусын шинжилгээг шүлснээс дээж авч илрүүлэх оношлуурыг хэзээ хэрэглээнд гаргах вэ. Энэ оношлуурыг ажиллагааг тайлбарлаж өгнө үү. Энэ ажлын явц ямар түвшинд явж байгаа вэ?
ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: АШУҮИС-ийн эрдэмтэд шүлснээс дээж авч коронавирус илрүүлэх оношлуурын судалгааны ажлыг хийгээд явж байна. Үүнийг ЭМЯ-ны эрдэмтдийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлээд явж байгаа. Уг ажил одоогоор эцэслээгүй байна. Тухайн оношлуурын талаар ерөнхий ойлголт өгөхөд шүлснээс шинжилгээ аваад PCR шинжилгээ авч байгаатай ижил түвшинд шинжилгээг хийдэг. Хүмүүс түргэвчилсэн оношлуур гэж ойлгоод байдаг. Энэ бол тийм биш, PCR шинжилгээтэй ижил шинжилгээний оношлуур юм. Гадны оронд, ялангуяа Хятадад шүлсний оношлуурыг түлхүү хэрэглэж эхэлсэн. Монгол Улсад судалгааны үйл явц эцэслээд дуусвав уг оношлуурыг ашиглах боломжтой гэж үзэж байна.
-Одоогоор халдварын эх уурхай нь тодорхойгүй хэчнээн тохиолдол байгаа вэ. Дахиад хөл хорио тогтоовол үр дүнтэй байж чадах уу?
Б.Ууганбаяр: ЭМЯ-аас дахиад хөл хорио тогтоох асуудал дээр тодорхой саналуудаа УОК-т тавина. Одоогоор ажиллаж байна. Нөгөө талаас халдварын эх уурхайг ХӨСҮТ бүгдийг нь торхойлоод тухайн үед нь арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Улаанбаатар хот бүхэлдээ нэг голомт болсон гэдэг нь тодорхой хариулт болж байгааг хэлье. Заавал хороогоор нь зарлахыг битгий хүсээрэй. Хороо бүр халдварын голомт болсон гэдгйиг онцгойлон анхааруулж байгаа.
Сэтгэгдэл ( 4 )
орос вакцинаа хурдан оруулж ирээчээ, хийлгэмээр байна,
Инмермэд дээр хийж байгаа вазцинаа их л өнлөр үнээр хийж байгаа сураг гаосан үнэн болов уу үүниыг хянадаг газар байна уу өвчнөөр мөнгө одох хэрэгсэл болгоод байгаа юм уу гэж бодож байна шалгаж өгөөч
ВАКЦИН ОРУУЛЖ ИРЬЕ ГЭСЭН БАЙГУУЛЛАГА, КОМПАНИУДАА ОГТ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.
ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОМ ДАРГА НАР МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА...2 ҮГ ХЭЛЭЭД Л ”БАЙГАА” БАЙГАА” БАЙГАА” 2 ҮГ ХЭЛЭЭД Л ”БОЛОХООРОО” БОЛОХОРОО” ” БОЛОХОРОО”ГЭЖ ЯРИХ ЮМ. 1-Р АНГИЙН СУРАНЧ ”БИ ТОМ БОЛОХОРОО ТОМ ДАРГА БОЛНО ГЭЖ БАЙГАА МЭТ ...МӨН 2 ҮГ ХЭЛЭЭД ” БОЛУУЛ” ” БОЛУУЛ” ” БОЛУУЛ” ГЭЖ ЯРИХ ЮМ ДАА...