"Сармагчны цэцэг өвчин Монголд орж ирэх ЭРСДЭЛ ӨНДӨР байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй Сармагчны цэцэг өвчин Монголд орж ирэх эрсдэлтэй эсэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодрууллаа. 


-Сүүлийн үед Сармагчны цэцэг гэх өвчин дэлхийн олон оронд бүртгэгдэж байна. Энэ өвчин Монголд орж ирэх эрсдэлтэй юу?

-Эрүүл мэндийн яамнаас энэ өвчний талаар эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. 

Үнэлгээгээр Сармагчны цэцэг өвчин Монголд орж ирэх эрсдэл өндөр гэж гарсан. 

Учир нь Сармагчны цэцэг нь "Салхин цэцэг" болон "Цагаан цэцэг" өвчинтэй адилхан цэврүүтдэг. Тэр цэврүүнд нь байгаа вирусээс халдвар тархдаг. Манай улсын хувьд зунд Олон Улсын фестиваль, наадам олноор зохиогддог. Эдгээр олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хүмүүс хоорондоо шүргэлцэнэ. Энэ үед халдварлах эрсдэлтэй учраас наадам, фестиваль хамгийн аюултай. 

-Тэгвэл Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бий юу?

-Сармагчны цэцэг өвчний эсрэг "Цэцэг" өвчний вакцин үр дүнтэй байгаа. Гэхдээ 17-оос доош насныхан болон дархлаа султай хүн халдвар авах эрсдэл өндөр.   

Эрдэмтдийн судалгаанаас харахад энэ өвчин бэлэг эрхтний салстаар дамжин халдварлаж байна. Эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох үед салст их гэмтдэг. Энэ гэмтсэн салстаар халдварлаж байна гэсэн үг.  Тухайлбал, нийт халдвар авсан хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй хүн байгаа юм. 

-Халдвараас сэргийлж, хилээр орж ирж буй иргэдэд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу? 

-Энэ өвчин цар тахал үүсэх хэмжээний аюул байхгүй учраас хилээр орж ирж буй иргэдээр зөвхөн асуумж бөглүүлж байгаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 26

Монголчууд арчаагүй, заваан учраас дэлхийн хамаг муу муухай бактери, вирусийг чирч оруулж ирдэг үхэрнүүд.

0  |  0
Top