Монголчууд жилдээ 80 цэцэрлэг, 60 гаруй сургууль барих мөнгөөр чихэр аваад идчихдэг ард түмэн

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 28

Та бүхэнд нэгэн тоон мэдээлэл хүргэе. Монголчууд бид жилдээ 20 орчим сая килограмм чихэр иддэг. Үүний 97 хувь нь импортынх аж. Нийт мөнгөн дүнгээр нь тооцвол 250 орчим тэрбум төгрөгөөр чихэр худалдаж авдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд жилдээ бүхэл бүтэн 80 цэцэрлэг, 60 гаруй сургууль барих мөнгөөр амттан аваад идчихдэг үрэлгэн хүмүүс байх нь ээ. Үнэн чанартаа үрэлгэн гэхээс илүүтэй эрүүл мэнддээ хайргүй ард түмэн болж таарах нь.

Чихэрлэг хүнс ихээр хэрэглэх нь илүүдэл жинтэй болох, цаашлаад чихрийн шижин өвчнөөр  өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг талаар ДЭМБ-аас олон ч судалгаа гаргасан байдаг. Үүнийг гэрчлэх нэгэн баримт бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан дараах судалгаа юм. Өдгөө Монгол Улсын 15-64 насны хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй бол нийт хүн амын 30 хувь нь чихрийн шижингийн хүнд болон хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй гэсэн тоо гараад байна.

Хамгийн аймшигтай нь, энгийн нүүрс ус буюу амтлаг хүнс донтуулах шидтэй гэнэ. Энэ төрлийн хүнс идэхэд цадах мэдрэмж төрүүлдэггүйгээр барахгүй дахин дахин идэх хүслийг өдөөдөг. Сахарын энэ шинжийг эрдэмтэд кокайнтай зүйрлэдэг ажээ.

Ингээд үзвэл, монголчууд бид өөрсдөө ч, үр удмаа ч өдөр тутам “хар тамхи”-аар хооллож, ирээдүйн олон мянган өвчтөнийг “бэлтгэж” байгаа гэдэгтэй та маргахгүй биз. Энэ бол идэж буй зүйлийнхээ талаар мэдлэг, мэдээлэл маруухан иргэд бидний л буруу.

 

ЧИХЭРЛЭГ ХҮНСНИЙ САВЛАГААН ДЭЭР АНХААРУУЛГА ТЭМДЭГ ТАВЪЯ

 

Хэд хоногийн өмнө телевизээр нэгэн хоол зүйч ярьж байна. Тэрбээр “Та нэг суурин дээр найман халбага элсэн чихэр идэж чадах уу. Хэрэв боломжгүй хэмээн бодож байвал 330 мл кола ундаанд энэ хэмжээний сахар агуулагддаг гэдгийг санаарай” хэмээж байлаа. Бодоод үз дээ. Бас л аймшигтай байгаа биз. Гэтэл бид ам цангасан үедээ хэчнээн ч мл хийжүүлсэн ундаа ууж орхидог билээ. Бүр хөгшид, хүүхэдгүй чихэрлэг ундаа уучихдаг шүү дээ. Хүнсний зах, дэлгүүр, зам дагасан мухлагуудад ороход өрөөстэй буй барааны ихэнх нь сахарын орц найрлага ихтэй бүтээгдэхүүн байгаа нь ч нууц  биш.

Хүний биед хортой, сөрөг нөлөө үзүүлэх хүнс, хэрэглээний бараа бүтээгдэхүүнд анхааруулах, сэрэмжлүүлэх утгатай тайлбар мэдээлэл тавьдаг. Архи, тамхины хайрцаг саван дээр бичигдсэн зүйлийг анзаарч л байсан байх. Харин чихэрлэг хүнсэнд яагаад тийм сэрэмжлүүлэг бичиж болохгүй гэж. Цаашлаад энэ төрлийн хэрэглээг багасгах чиглэлд төрийн бодлого явуулж, өндөр татвар тавихад ч буруудахгүй санагдана.

 

САХАРЫН ЭСРЭГ ДАЙН ЗАРЛАЯ

 

Нэгэнт сахарын хэрэглээ өндөр. Хэт их хэрэглээний улмаас иргэдийн дунд өвчлөл ихэссэн энэ цаг үед төрийн бодлогын түвшинд арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Манайхаас бусад олон оронд энэ төрлийн хэрэглээг бууруулах чиглэлд арга хэмжээ авдаг байна. Нэг жишээ татахад, АНУ-ын Засгийн газар жил бүрийн төсвийнхөө 20 хувийг эрүүл мэндийн салбарт зориулдгийн 60 гаруй хувь нь зөвхөн чихрийн шижин өвчинтэй тэмцэхэд зарцуулж байгаа нь өвчлөл ямар аюултай байдалд хүрснийг илтгэнэ. Тийм ч учраас улс орнууд үүний эсрэг чадах бүхнээ хийж, иргэдийн хязгааргүй хэрэглээ болсон хийжүүлсэн ундаанд хүртэл татвар ногдуулах болсон гэнэ.

Франц улс л гэхэд чихэрлэг ундаанаас гурван хувийн татвар авдаг бол Мексик 10 хувийн татвартай. Тэгвэл хамгийн сүүлд Их Британи улс чихэрлэг ундаанд татвар ногдуулахаар болсноо зарлажээ. Тус улс эл шийдвэрээ бизнесийнхнийг боох гэж бус, сахаргүй ундааны үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэж байгаа хэмээн тайлбарласан байна.

Эхлүүлээд цөөн жил болсон ч сахарын эсрэг улс орнуудын зарласан “дайн” үр дүнгээ өгч буйг сүүлийн дөрвөн жилд чихэрлэг ундааны илчлэгийг 11 хувиар багасгаж, илүү жижиг савлагаатай болгосон үйлдвэрлэгчдийн шийдэл харуулдаг аж. Иймээс манай улс ч гэсэн дэлхийн бусад орны жишгээр чихэрлэг хүнсийг тодрхой хэмжээгээр хязгаарлах, зарим төрлийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахад болохгүй зүйл байхгүй биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top