Э.Ганбат: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр энэ жил 350 хүн ажиллах боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 29

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өссөөр байгаа ч тус улсыг зорьж буй хүмүүсийн тоо буурсаар байна. Тухайлбал, 2017 онд 1280, 2018 онд 784, 2019 онд мөн 784, 2020 онд 63 иргэн БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан юм. Тэгвэл 2021 онд 176 хүн ажиллахаар тус улсыг зорьсон бол энэ оны эхний гурван сарын байдлаар 377 болж өсжээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй хүмүүсийн бүртгэл өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн ч бүртгэлийн системд доголдол үүсэж, гацсан. Улмаар бүртгэлийг нийтэд нь хүчингүй болгож, дахин зохион байгуулахаар болоод байгаа билээ. Ингээд тус улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, шалгалтад бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбатаас тодрууллаа.


-Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэх ажиллагаа тун удахгүй эхэлнэ. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?

-БНСУ-н Аж үйлдвэр хүний нөөцийн газартай хамтран ажиллах хүч илгээх үйл ажиллагааг манай агентлаг зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг энэ сарын 26-ны өдөр 09.00 цагт эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 25-наас зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед манай байгууллагын цахим сайтын серверт үүссэн ачааллаас болж үндсэн бүртгэлээ хийх боломжгүй болсон. Үүнээс улбаалан бид дараагийн холбогдох арга хэмжээг авч “ehalamj.mn” системээр дамжуулан туршилтын журмаар шинээр хийж үзсэний үндсэн дээр солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг хийхээр төлөвлөөд байна. Энэ сарын 26-ны өдрийн 09.00 цаг гэхэд сонирхсон иргэд системд нэвтэрч бүртгүүлэх нээлттэй боломжийг үүсгэлээ.

-Энэ удаагийн бүртгэлээр хэчнээн иргэнийг бүртгэх вэ?

-Манайх Солонгосын EPS гэх төвтэй хамтран ажилладаг. Тус төвтэй хамтран ажилладагийн хувьд 4500 иргэнийг бүртгэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Шалгалтын хураамж 24 ам.долларыг иргэд төлдөг. Энэ төлбөр хэвээрээ юу?

-Хураамж 24 ам.доллар хэвээрээ байна. Мөн энэ оны долоодугаар сарын 01-нээс эхлэн бүртгэлийн хураамж 28 ам.доллар болж өсөхөөр болсон. Энэ нь ямар учиртай вэ гэвэл Солонгос улс нь 16 орноос ажиллах хүч авдаг. Тиймээс Солонгос улсаас үүнийг жигдхэн байлгах үүднээс 28 ам.доллар болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна лээ. Өнгөрсөн сарын 25-ны өдөр хийсэн бүртгэлтэй холбоотой шаардлагыг бидэнд өгсөн. Шаардлагын дагуу бид бүртгүүлж чадсан, чадаагүй хэсэгт аль аль талыг нь харгалзаж үзэн шаардлага өгсөн.

Тиймээс өнгөрсөн сарын 25-ны өдөр хийсэн бүртгэлийг нийтээр нь хүчингүй болгосон. Гэхдээ аль нэг тохиолдлоор сервер гацсан ч бүртгүүлж амжсан 1300 орчим иргэний мэдээлэл бидэнд байгаа. Түүнчлэн бид тухайн иргэдийн хураамжийн мөнгийг Төрийн банкны данс руу нь буцаан хийсэн. Тиймээс иргэд одооноос “ehalamj.mn” гэх халамжийн нэгдсэн системд хандаж өөрсдийн мэдээллийг бүртгүүлж эхлэх хэрэгтэй. Улмаар энэ сарын 26-ны өдөр 09.00 цаг болмогц бүртгэлийн системд нэвтэрч солонгос хэлний түвшин тогтоох бүртгэлийн шалгалт хэсэгт орж регистрийн дугаараа хийж бүртгүүлнэ.

-Иргэдийн зүгээс тус шалгалтад бүртгүүлсэн бол Солонгос улсад очиж ажиллана гэсэн ойлголт бий. Энэ тал дээр тайлбар өгвөл?

-Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийж буй нь шалгалтад орох эрхээ баталгаажуулж буй хэрэг юм. Энэ шалгалтыг өгснөөр хэлний бэлтгэлээ тодорхой хэмжээнд хангана. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг энэ оны наймдугаар сард зохион байгуулна. Шалгалт өгсөн иргэдээс онооны аргачлалаар 350 хүртэлх иргэнийг сонгож хүний нөөцөд бүртгэнэ. Тэдгээр иргэдийн мэдээлэл Ажиллах хүчний программд байршсанаар Солонгосын талаас ажил олгогчид санал тавьж, түүний үндсэн дээр ажиллах гэрээг байгуулдаг. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.77) 2022 оны 05 сарын 30

Ийм цөөхөн биш дээ манай үхэрнүүд чухам хаана нь алдаа гаргасан юм бол? Солонгос улс монголоос дор хаяж 1 сая ажиллах хүч авахаар мэдэгдэл гаргаж байсныг хаана булшилсан бэ. 350 бол нэг жижигхэн барилгын компанийг ч хангахгүй тоо юм.

0  |  0
(103.57.95.145) 2022 оны 05 сарын 29

yavj boovoo huh gene uu?

0  |  0
Top