Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болор: Монголоос 71 эмэгтэй энхийг сахиулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.

Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.

ЗХЖШ-аас энхийг сахиулах үйл ажиллагаанд 394 офицерийг томилон явуулсан бөгөөд 2010 онд Хошууч Г.Болор үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй офицер, энхийг сахиулагч  байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртсэн ЗХЖШ-ын  Сургалт, бэлтгэлийн газрын дарга Г.Болор энхийг сахиулах үйл ажиллагааныхаа талаар уулзалтын эхэнд илтгэв. Тэрбээр энхийг сахиулах үйл ажиллагаанд гурван удаа оролцжээ.

Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болор, Монгол Улсаас эмэгтэй цэрэг энхийг сахиулах ажиллагаанд алба хааж эхэлснээс хойш 16 жил өнгөрчээ. Эмэгтэй энхийг сахиулагчид ажиллагааны өмнөх бэлтгэл гэж гурван үе шаттай 90 хоногийн бэлтгэл сургуулилтад гарч, авхаалж самбаа, цэргийн эрдэм зэрэг олон талын сорилыг давдаг нь том шалгуур байдаг. Үүний дараа алаг үр, аав ээж, хань нөхрөөсөө хол дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэг бус нийгмийг өөрчлөхөд гар бие оролцохоор явдаг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, өнчирч үлдсэн хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх болон эмнэлэг, холбоо, ар талын хангамжийн алба зэрэг ажилд эмэгтэй энхийг сахиулагчид томилогдон үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монголоос 71 эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байна гэлээ. 

Бригадын генерал ГАНБОЛДЫН БОЛОР

Мэргэжил: Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч

Боловсрол
 

  • 1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;
  • 2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)
  • 2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;
  • 2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;
  • 2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;
  • 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж;
  • 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;
  • 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;
  • 2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;

Боловсролын зэрэг
 

  • Техникийн ухааны магистр;
  • Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
  • ҮБХИС-ийн докторант;

Ажлын туршлага
 

  • 1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;
  • 2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;
  • 2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;
  • 2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;
  • 2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;
  • 2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;
  • 2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;
  • 2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.

Энхийг сахиулах ажиллагааны туршлага
 

  • 2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;
  • 2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;
  • 2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;
  • 2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн
  • Эмэгтэй цэргийн алба хаагчид эмнэлэг, холбоо, энхийг сахиулах зэрэг нарийн мэргэжлийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна.
  • 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top