Энэ сарын 21-нд Токио хотноо Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Японы Монгол судлалын холбооны хаврын бага хурал боллоо. Тус хурал түүхт ойд зориулсан илтгэлүүд, эрдэм шинжилгээний илтгэл гэсэн хоёр хэлбэрээр болж үе үеийн Япон Улсаас Монгол Улсад суусан элчин сайдууд, Японы болон Монголын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Уг хуралд Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй уригдан оролцож “Хэл зохиолын хүрээлэнгийн нэгэн зууны түүх, туршлага, сорилт ба зорилт” илтгэл хэлэлцүүллээ.
Хурлын үеэр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй Японы Монгол судлалын холбооны тэргүүн, Япон Улсын Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн аудитор, хатагтай Юки Каногаяа, Токио Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор Казүюүки Окада, Шова Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хөхбаатар нарт 100 жилийн ойн дурсгалын медальон, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээлийн дээжээс дурсган барив.
Захирал Ж.Бат-Ирээдүй Япон Улсад зочлох энэ завшаанд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын салбарын эрдэмтэн Аоки Масахиро, тус их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Яасүхиро Яамакоши, Шова эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хөхбаатар нартай жич уулзаж их сургууль, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов.
Мөн 5 сарын 22-нд тус их сургуульд “Ардчилал ба Монгол кино” олон улсын симпозиум болж Монголын болон Японы кино урлаг судлаач монголч эрдэмтэн судлаачид амжилттай оролцож илтгэл хэлэлцүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )