“Монгол хэл судлал 15 боть” бүтээлийн нээлт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, түүний захирал доктор Д.Заяабаатарын санаачлан эхлүүлж МУИС болон ШУА, МУБИС-ийн монгол хэлшинжлэлийн голлох эрдэмтэд оролцож туурвисан “Монгол хэл судлал 15 боть” бүтээлийн нээлт 2022 оны 05 сарын 27-нд МУИС дээр боллоо. Тус бүтээлийн нээлтийн ажиллагаанд монгол хэл бичиг, соёлын тэргүүлэх эрдэмтэд, эрхэмсэг зочид болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, тус ботид оролцсон эрдэмтэн судлаач нарт “Талархал” гардуулжээ.

Уг талархалд “Монгол хэл бол монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа билээ. Эх хэлний бүтэц, тогтолцоог тодорхойлсон “Монгол хэл судлал 15 боть цогц бүтээлийг туурвихад үнэтэй хувь нэмэр оруулсан Танд гүн талархал илэрхийлж, эрдэм судлалын их амжилт хүсэн ерөөе. Өвөг дээдсээс уламжилсан үндэсний хэл өнө мөнхөд түгэн дэлгэрэх болтугай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ.

Уг цогц бүтээлийг туурвихад оролцсон манай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид академич Д.Төмөртогоо, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D) (Ph.D), дэд профессор Э.Пүрэвжав, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), дэд профессор О.Самбуудорж, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, доктор (Sc.D), дэд профессор Г.Батзаяа, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг, доктор (Ph.D) Д.Уртнасан, доктор (Ph.D) Э.Баярчимэг, доктор (Ph.D) С.Энхжаргал, доктор (Ph.D) Г.Гэрэлмаа, докторант С.Энхбадрах нарт Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрдэм судлалын улам их амжилт хүсэн ерөөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top