“Залуу монголч судлаачид: Монгол судлал ба өнөө үе” эрдэм шинжилгээний хурал боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Монгол Улсын ШУА-ийн залуу судлаачид санаачлан монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, номын сан, архив, музейн залуу судлаачдыг нэгтгэн “Залуу монгол судлаачдын “ЭРДМИЙН ХЭЛХЭЭ” нийгэмлэг” ТББ-ыг 2022 оны эхээр үүсгэн байгуулсан билээ. Залуу судлаачдын нийгэмлэгийн гол зорилго нь Монгол Улсыг монгол судлалын гал голомт байхад хувь нэмрээ оруулах, дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих юм.

Энэхүү ТББ-аас “Залуу монголч судлаачид: Монгол судлал ба өнөө үе” гэсэн эрдэм шинжилгээний хурлыг зарлан, хоёр салбараар 2022 оны 5 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хуралд дотоод, гадаадын 50 гаруй судлаачид 49 илтгэлийг түүх, археологи, угсаатан судлал, хэл, утга зохиол, соёл, философи, шашин судлал зэрэг олон шинжлэх ухааны салбарын асуудлыг хэлэлцлээ. Тус эрдэм шинжилгээний хуралд манай Хэл зохиолын хүрээлэнгийн залуу судлаачид илтгэлээ хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, Шинжлэх ухааны яам, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяат нийгмийн ухааны 5 хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Талын язгууртан сан, Архивын ерөнхий газар, Үндэсний төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Мөнхийн урлаг эртний эдлэлийн галерей зэрэг байгууллага, хувь хүмүүс дэмжин ажиллалаа.

Залуу монгол судлаачдын “ЭРДМИЙН ХЭЛХЭЭ” нийгэмлэгийн хамт олонд цаашдын үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top