Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг дэмжих, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Богд уул”-нд амралт зугаалгын цогцолбор, “Богд уул”-ын орчмын тохижилт, “Туул гол”-ын эрэг дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн.
Үүний хүрээнд тохижилтын ажлууд хийгдэж байна. Тодруулбал: Тус ажлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Асем вилла” хотхоны баруун хойд талд Туул голын эрэг дагуух талбайд нэг, хоёрдугаар ээлжийн тохижилтын ажил хийгдэж эхэллээ.
Нийт гуравдугаар ээлжээр 3,57га газрын талбайг тохижуулах бөгөөд явган хүний зам талбай, авто зогсоол, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, волейбол, хөнгөн атлетикийн талбай, холбогдох тоног төхөөрөмж суурилуулалт, гэрэлтүүлэг, далангийн тохижилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.
Нэг, хоёрдугаар ээлжийн тохижилтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн Хот тохижилтын газар”, “Бизнес фокус” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Овоо ш дээ өөр үг алга