Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хүүхэд, залуучууд чууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд, залуучуудын төлөөллийн дунд “Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулган боллоо.

Хүүхэд залуучуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл олгож, амьдралын зөв дадал, хэмнэлийг хэвшүүлэхэд залуус өөр хоорондоо асуудал хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлов. Чуулганы үр дүнд дараах асуудал тодорхой болох юм.

 

 

1.  Үндэсний тодорхойлсон хувь нэмэр /ҮТХН/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хот, орон нутгийн оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгох

2. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээх,

3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэх юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хүүхэд, залуусын чуулганд манлайлагчид, ТББ-дын төлөөлөл нийт 150 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулганаар

 

  • Тогтвортой хөгжлийн зорилго, Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо – НҮБ-ын ХХААБ
  • Үндэсний тодорхойлсон хувь нэмэр гэж юу вэ?
  • ҮТХН-ийг хэрэгжүүлэх Олон Улсын Түншлэл, “Хүүхэд, залуучуудын оролцооны төлөвлөгөө” гэсэн илтгэлүүд танилцуулдахаас гадна "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн эсрэг залуучуудын оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

 

 

“Уур амьсгалын өөрчлөлт ба залуучууд” чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нээж үг хэлэхдээ, "Дэлхийн агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгарсны улмаас дэлхийн гадаргын дундаж температур аажмаар ихсэж, байгаль дэлхийн экосистемийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь өдөр бүр мэдрэгдсээр байна. Энэ нь зөвхөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэнд, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчны сөрөг нөлөөллийг зах зээлийн эдийн засгийн нэгэн том алдаа гэж үздэг. Учир нь эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагаа нь их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулж, улмаар байгаль, нийгэм, эдийн засгийн гарз, хохирол, зардлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж тооцохгүй байгаад оршиж байна.

 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн илрэл болох байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрч нь дэлхийн өнцөг булан бүрт хил хязгаар үл харгалзан нэмэгдэж буй нь агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарал ихэссэнтэй холбоотой болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Иймд энэхүү асуудалд хүүхэд залуучууд Та бүхний дуу хоолой нэн чухал бөгөөд тогтвортой хөгжлийн замналыг хамтдаа бүтээх, боломжийг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай байна.

Энэ өдрийн чуулганд орон нутгийн манлайлагч хүүхэд, залуучуудын төлөөллөөр дамжуулан, дэлхийн нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх, мөн амьдралын зөв дадал, хэмнэлийг хэвшүүлэхэд чиглэж байна.

 

 

Чуулганы үр дүнд бид Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмрийн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хот, орон нутгийн оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болгох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ"гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Эцэст нь хүүхэд, залуучууд Та бүхэн байгаль дэлхийгээ хайрлах зөв дадалд суралцан, үе тэнгийн найз нөхөддөө үлгэрлэн дуурайлж, цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үр дүнтэй ажиллах боломжийг эрэлхийлж, дэлхий дахины тулгамдсан асуудалд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top