Хархорин хотоос олдсон археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр /2022.05.31/ Швейцар улсын Цюрих хотын Риетбергийн музейн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын зорилго нь Риетбергийн музейд Хархорин хотоос олдсон археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргах талаар санал солилцох юм. Тус үзэсгэлэнг 2025 онд гаргахаар төлөвлөж байна.

Риетбергийн музейн сан хөмрөгийн эрхлэгч, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн урлагийн ахлах куратор Йоханнес Белц хэлэхдээ: “Тус үзэсгэлэнгээр бид Монгол-Германы хамтарсан Хархорин экспедицэд 20 гаруй жил ажилласан доктор Кристина Франкенийн судалгааны үр дүнг гаргах төлөвлөгөөтэй  байна. Мөн нүүдэлчин ахуй, Хархорин хотыг харуулж, Монголчуудын талаарх Европчуудын түгээмэл ойлголтыг залруулж хотжилт болон олон улсын харилцаа холбоо хөгжсөн соёл урлаг, эдийн засгийн төв байсан гэдгийг харуулах зорилготой юм” гэв.

ШУА-ийн ерөнхийлөгч Д. Рэгдэл хэлэхдээ: “Монголын эртний хотуудаар 2025 онд үзэсгэлэн гаргах гэж байгаад бид их баяртай байна. ШУА энэ үзэсгэлэнг гаргахад бүх талаар нь дэмжихэд бэлэн байна. Монголын нутагт байгаа эртний хотуудын судалгаагаар хамгийн их ажил хийсэн газар бол манай Археологийн хүрээлэн байгаа. Тэгэхээр энэ үзэсгэлэнд манай  археологичдын олсон олдвор оролцвол бид зохион байгуулалтыг дэмжиж өгч болно. Та бүгдийн төлөвлөж буй энэ үзэсгэлэн Монгол улсын түүхэнд археологийн олдвороор Европт гарах анхны үзэсгэлэн болох юм байна. Тэгэхээр энэ үзэсгэлэн их сонирхолтой болно гэж найдаж байна” гэлээ.

Түүнчлэн, үзэсгэлэнгийн хүрээнд шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,  Монгол улсыг сурталчлах, Монгол баярыг зохион байгуулах талаар дурдан цаашид Европ болон дэлхийн бусад улс орнуудад үзэсгэлэнг толилуулах боломжтой  гэдгийг талууд ярилцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top