Махны маргааны цаана МАНАН ч байна, эрх ашиг ч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 04

Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Эмээлт захад гэнэтийн шалгалт морилж, Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компанийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан, мах бэлтгэж байсныг лабораторын шинжилгээгээр тогтоосноо мэдээлсэн нь санаандгүй хэрэг биш. Түүнчлэн нийслэлийн Прокурорын газарт тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн төдийгүй үйлдвэрээс гарч ирсэн "Мах импекс"-ийн хиамны шошгыг шалгуулахаар Цагдаагийн газарт хандсан нь бүр ч шалтгаантай байх.

Эмээлт захаас өртөөлсөн энэхүү дуулианыг Хархорин захын ард байрлах цайны газрууд руу оруулж ирэхдээ “Цайны газрын хоолны маханд шарил хадгалахад цацдаг бодис илэрсэн” гэх мэдээллээр баяжуулсан. Өөр бус хоол, цайны газар, ресторан руу ч халдах төлөв ажиглагдана. Хэрвээ энэ “зодоон” цааш үргэлжилбэл айл гэрийн хөргөгч рүү ч өнгийх төлөв бий.

Мөн улстөрчдийн гар хөл болж явдаг зарим нэг сэтгүүлч албаныхантай хамтран мах чанаж идэх зэргээр явуулын лаборатори ажиллуулж, газар дээр нь шинжилгээний дүгнэлт гаргаж байгаа зэргээс харахад нэлээд зорилготой гэмээр хөдөлж байна. Махны үйлдвэрүүд олон жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа хэл ам дагуулж байсан ч өнөөдрийнх шиг ноцтой зүйл дэлгэж, нийтийг хамарсан дуулиан асар хурдтай довтолж байсангүй. Тэгэхээр гэнэтийн шалгалтын цаана юу байв гэдгийг хэн ч сонирхож таарна.

Юуны өмнө махны бүлэглэл дундаа зодолдож эхэлсэн гэх таамаг бууж байна. Өөрөөр хэлбэл, махны зах зээлийг атгаж байсан МАНАН хүчгүйдэж, хэн дуртай нь тэдний хоолыг булаах сонирхолтой болсон ч байхыг үгүйсгэхгүй. Тэд дундаа ойлголцохоо больж, савныхаа хэмжээг томруулах, шинэ бүлэглэл үүсгэх гэсэн зодоон эхэлж байна гэсэн үг. Эсвэл өдгөө цаасан дээрээс амь орохдоо тулаад буй “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийг явуулах, эс явуулах, булаалдах асуудал байж болох юм. Махны бүлэглэл энэ паркийн ажлыг ил далд гацаасаар ирсэн нь үнэн.

Мөн нэг таамаг байгаа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотой байх. Нөгөө талд төрөөс Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг шахаж байгаа гэх чихэнд чимэгтэй үг ч дуулдана. Энэ нь сайхан хэрэг ч юу л бол. Монгол Улсад өөрөөр ийм нарийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа өрнөх нь тун ховор. Үүнд тодорхой албаны гэмээр эх сурвалжтайгаар сэтгүүлчдийн хамт нэвтэрсэн гэж болохуйц зүйл ажиглагдаж байгаа юм.

Үүний өмнө нэг зүйлийг тайлбарлах ёстой байх. Х.Баттулга 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хөдөө аж ахуйн бирж байгуулсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Нэгэн ярилцлагдаа “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг “Эмээлт” зах болон бусад түүхий эд, махны захыг түшиглэн явуулна” хэмээн дурдаж байсан. Үүнээс үүдэж, “Женко”-гийн хамаарал бүхий зах гэдгийг олон эх сурвалжууд хэлдэг ч албан ёсны бичиг баримтаас харахад түүний нэр дээр юу ч байдаггүй. Харин түүний төрсөн эгч нь хятадуудтай хамтран махны бизнес эрхэлдэг, үйлдвэртэй гэдгийг бол мэднэ.

Хятад Монголоос мах авахгүй гэж мэдэгдээд удаж байгаа. Гэтэл Монголд махны бизнес хийж байгаа хятадууд өнгөрсөн намар, өвлөөс их хэмжээгээр мах нөөцөлсөн учраас түүнийгээ хаашаа хийхээ мэдэхгүй сандарч байгааг эх сурвалж хэлсэн. Их хэмжээгээр нөөцөлсөн махаа муутгахгүйн тулд химийн бодис хольж, дотоодын зах зээлд гаргаж байгаа гэх мэдээлэл нь тийм ч ташаарсан зүйл биш байх. Яагаад гэвэл урьд хилээр мах гаргахгүй байна шүү дээ. Энэ баримтаас харахад яах аргагүй Х.Баттулгатай маш ноцтойгоор холбогдож байна. Төмөр замын мөнгө идэж, эдийн засаг хохироосон, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс хулгай хийсэн, үйлдвэр объектыг хувьчлан авсан гэх мэт саар нэрэн дээр нь химийн хорт бодистой махан бүтээгдэхүүнээр монголчуудаа хордуулахыг завдсан гэх ноцтой нэр зүүж өгөхөөр шийдсэн байж болох юм. Тэр тусмаа хятадуутай хамтран гэдэг нэр зүүхээр шийдсэн байхыг үгүйсгэхгүй. 

Тиймдээ ч “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрээс гарсан “Мах импекс”-ийн хиамны шошгыг шалгуулахаар Цагдаагийн газарт өгсөн хэмээн тодотгосноос харахад ямар нэгэн ноцтой шалтгаан байна. “Мах импекс” нь Х.Баттулгын хувьчилж авсан үйлдвэр гэдгийг бултаараа мэдэх биз ээ. Таамаглахад сүүлийн үед Ерөнхийлөгч асны үйл ажиллагаа идэвхжихын хэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мандуулж явсан “Монгол ялна” гэх лоозон ч олны дунд сэргэх шинжтэй болов.

Тэрбээр дөрөвдүгээр сард АН-ын даргын сунгаанд үнэмлэхүй ялалт байгуулж, энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Ярилцлага нь АН-ын акулууд болон эрх баригчдад мэдээж таалагдаагүй. АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан түүнд тамга өгвөл эрх баригчдын улс төрийн тоглоом өөрөөр эргэнэ. Өөрөөр ч юу байхав, МАН-д ихээхэн халтай байдал үүснэ. Эрх баригчдын хувьд айсуй сонгууль хүртэл АН-ыг зодоонтой хэвээр нь байлгах сонирхолтой учраас “Женко”-г хэзээ ч хүсэхгүй нь ойлгомжтой. Түүнээс “Эмээлт” болон махны салбар бол орхигдсон зүйл байв. Үүнийг хэргээр улстөржүүлэх гэсэнгүй. Гагцхүү манай нийгэмд сүүлийн 20 орчим жил өрнөж ирсэн улс төр, бизнес бүлэглэл дундын зодооны төлөвлөгөө харагдаж байгаа учраас яах аргагүй хөндөж байна.

Түүнээс махны салбар, Эмээлт тойрсон асуудал олон бий. Өдгөөгийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа “Хөдөө аж ахуйн  биржийг ажиллуулж хэрэглэгч, нийлүүлэгчийг шууд харилцах систем бүрдүүлчихсэн. Гэтэл тухайн байгууллага ажлаа хийгээгүйгээс үүдэж асуудал үүсэж байна. Үүнийг бид шууд эрх ашгийн зөрчил буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэж харж байгаа. Биржийг ажиллуулахгүй байх нь хэнд ашигтай вэ. Тодорхой хэсэг бүлэг хүмүүст ашигтай. Энэ биржийг ашиглалтад оруулснаар дундын зуучлагч үгүй болно. Харин хятадуудтай холбоотой асуудлаар удаан хугацаанд манайхаас судалгаа хийж байна. Ялангуяа, Эмээлтийн бой дээр эмэгтэй хүн ажиллуулж байгаа, эмэгтэй захиралтай бойны газрууд Хятад эзэнтэй гэж ойлгож болно. Тэд хөгжлийн бэрхшээлтэй эсвэл өрх толгойлсон, олон хүүхэдтэй гэх мэт эмэгтэйчүүдийг авч суусан нэрээр тэднээр дамжуулж өөрсдийн бизнесээ хийдэг” гэж 2021 оны эхээр ярьж байв.

Эмээлт захад очиход энэ мэт дүр зураг бол хэвийн зүйл болчихсон. Үйлдвэрийн болон түүхий эд авдаг хятадуудаа шүтэх замаар амьдардаг суурин бий болчихсон. Энэ мэт зарим албаны байр сууриас харахад төрөөс бодлоготойгоор хятадуудыг шахаж байгаа мэт. Хэрвээ энэ таамаг зөв бол маш сайн, Монгол Улсын төр хүнсний аюулгүй байдал, цаашлаад улс орныхоо аюулгүй байдалд анхаарч эхэлж байгааг харуулж байна. 

Өдгөө улсын хэмжээнд бүртгэлтэй мал төхөөрөх 69, мах боловсруулах 135 үйлдвэр цех үйл ажиллагаа явуулж байгаа гэх статистик бий. Энэ бүх үйлдвэр цехийн ар талд хятадууд байгааг хаа хаанаа нуудаггүй. Монголчуудын хүнсний гол хэрэглээ болсон махны зах зээлийг хятадууд атгаж байгаа нь хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг. Одоо энэ бүх ноцтой баримт мэдээллийн араас чухам юу гэж шуурахыг анзаарахаар хаанаас хэнээс гадаг нь тодорхой болно. Чухам “Хятадуутай хамтран иргэдээ хордуулсан” гэх шошгыг Х.Баттулгад наах уу, хэн нэгэнд нааж таарна.

Бүлэглэл дундаас хэн нэгнийг ийм ялд унагаана. Х.Баттулга ч өөрөө нэг бүлэглэлийн л хүн. Эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар хятадуудыг махны салбараас шахаж байгаа тухай эх оронч мэдээлэл хийх ийм л дүр зураг харагдаж байна. Энэ хоёр нөхөр МАНАН дэглэмийг устгана хэмээн засгийн эрхэнд гарсан хүмүүс шүү дээ. Түүнээс бус олон жил хөглөрч, вант улс шиг болсон энэ зах зайдуу үйлдвэрүүдэд шуудхан нэг сэтгүүлч нэвтрээд хортой бодис илрүүлчихдэггүй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.15) 2022 оны 06 сарын 06

Бууз хуушуур пирожки хиам сосиск консервонд хийдэг байхдаа. Тэхээс ийм өнгө зүстэй махыг сонгож авах ямар ч монгол хүн байхгүй.

0  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 05

Монголын хортой махны асуудал дэлхийгээр нэг цацагдсан. Юун жуулчин татах монголчууд хортой хүнснээс дүрвэж эхэллээ.

0  |  0
Зангараг(202.126.88.123) 2022 оны 06 сарын 07

Бүлэглэл, эрх ашиг гэж хуцаад байх шаардлагагүй. Монгол хүний монголчуудын эрүүл мэндэд тзаналхийлж хүнсний гол бүтээгдэхүүн мах бэлтгэл цогцос хадгалах технологиор бэлтгэгдэж байсныг илрүүллээ. Энэ дээр хүнд гэмт хэрэг яригдах ёстой.

1  |  0
иргэн(202.9.47.17) 2022 оны 06 сарын 04

ЭНЭ БОЛ МАХНЫ МАРГААН ТӨДМЙ АСУУДАЛ БИШ. МОНГОЛ ХҮНИЙ АМЬД ЯВАХ УУ? ХОРДОЖ ҮХЭХ ҮҮ? ГЭДЭГ АСУУДАЛ ШҮҮ. ҮАБЗ ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ ??????????????????????????

0  |  0
чимэд(124.158.68.58) 2022 оны 06 сарын 04

Энэ нийтлэл зөв байна.Санал нэг.Юуны өмнө АН-ын хоёр бүлэглэлийн зодооны нэг.Үүнийг ЗГ ашиглаж байвал сайн хэрэг.Элбэгдоржийн бүлэг махны маргаанд орохгүй байгаа нь тэд Баттулгыг намнах ажлыг Өнөрбаяраар хийлгэж байгаа хэрэг.МАН-д энэ маргаан нь ”шар тос”

0  |  0
чимэд(124.158.68.58) 2022 оны 06 сарын 04

Энэ нийтлэл зөв байна.Санал нэг.Юуны өмнө АН-ын хоёр бүлэглэлийн зодооны нэг.Үүнийг ЗГ ашиглаж байвал сайн хэрэг.Элбэгдоржийн бүлэг махны маргаанд орохгүй байгаа нь тэд Баттулгыг намнах ажлыг Өнөрбаяраар хийлгэж байгаа хэрэг.МАН-д энэ маргаан нь ”шар тос”

0  |  0
Top