Сэлэнгэ аймагт “Гамшиг, онцгой байдлын үеийн бүх шатны удирдлагын харилцан ажиллагаа, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, бэлэн байдал, хариу арга хэмжээ, иргэн, хуулийн этгээдийн аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ОХУ-ын Онцгой байдлын яамны БНБУ-ын Хиагтын дүүргийн Гал түймэртэй тэмцэх ангийн дарга Олег Туаев, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нарын удирдлагууд оролцсон юм.
Түүнчлэн аймаг, сумдын Онцгой комисс, Хилийн цэргийн ангиуд, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, мэргэжлийн 19 ангийн нийт 480 гаруй томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.
Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй,газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрдөг.
Түүнчлэн тус аймгийн төв Сүхбаатар сум нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Тиймээс Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн бүх шатны удирдлагын шийдвэр гаргах, гэнэтийн удирдлагын тогтолцоогоор ажиллуулах, эрсдэлийн үнэлгээ хийх, холбоо зохион байгуулах, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн бэлэн байдлыг хангуулах, төлөвлөлтийг бодит байдалтай уялдуулан тодотгох, турших, харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, иргэд, олон нийтийг сургаж дадлагажуулах, арга зүй эзэмшүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд чиглэгдэж байна.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлагаар үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )