НҮБ-аас Индонез улстай хамтран тус улсын Бали арлын Денпассар хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулган”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Тус чуулганд 184 улсын 4500 гаруй төлөөлөгч биечлэн болон цахим хэлбэрээр чуулж, “Гамшгийг эрсдэлээс гамшгийг даван туулах чадавх өөд: “КОВИД-19”-ийн улмаас өөрчлөгдсөн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн төлөө” уриан хүрээнд эрсдэлийн удирдлага, цар тахлын хор уршгийг нөхөн сэргээх үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, санал солилцсон юм.
Чуулганд оролцогчдын 40 хувь, илтгэгч нарын тэн хагас нь эмэгтэйчүүд, 2019 онд Швейцарийн Женев хотноо болсон VI чуулгантай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр дахин нэмэгдэн оролцсон нь онцлог байлаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид дэлхийн VII чуулганы нэгдсэн болон салбар хуралдаан, дугуй ширээний уулзалтуудад оролцож, Монгол улс гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлсон эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.
Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төв, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн Гамшгийн мэдээллийн менежментийн төв, Япон улсын Жайка, Австрали болон бусад улсын төлөөлөгчидтэй уулзаж харилцан санал солилцсон юм.
Дэлхийн VII чуулганд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, хямралт нөхцөл байдлын улмаас үүсэж болзошгүй асуудал, олсон амжилт, хүндрэл бэрхшээл, арга туршлагад үндэслэн гамшгийг тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зүй, цаашид баримтлах чиг хандлагыг тодорхойлсон “Балигийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )