Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үзэсгэлэн худалдаа энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй. Энэхүү үзэсгэлэнд 76 жилийн түүхтэй, мах, махан бүтээгдэхүүний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК оролцож байна.
"МАХ ИМПЭКС" ХК МАЛЧНЫ ХОТНООС МАХАА БЭЛТГЭЖ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН ОРЧИНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Сүүлийн өдрүүдэд мах, махан бүтээгдэхүүнд хортой бодис тарьж буй болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байна гэх асуудал хөндөгдөж, олон нийтийн бухимдлыг хүргэж байна. Тиймээс үндэсний ууган үйлдвэр болох "Мах Импэкс" ХК үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал П.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Манай компани итгэмжлэгдсэн лабораторитой. Энэ лабораториор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх цэгт ариутгал хийдэг. Мөн Монгол Улсын хүнсний тухай хууль стандартыг баримталж, худалдаанд гарч буй бүх бүтээгдэхүүнд өдөр бүр шинжилгээ хийдэг.
Махны үйлдвэрүүд болон цайны газрууд махаа Эмээлтээс авч, ашиглаж байна гэх мэдээлэл цацагдаад байна. Манай компанийн хувьд ийм зүйл байхгүй. Үүнийг "Мах Импэкс" ХК-ийн 10,000 хувьцаа эзэмшигч, ард нь ажиллаж байгаа 600 ажилчдын нэрийн өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай компанитай холбогдуулан гарсан мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна.
"Мах Импэкс" ХК-ийн хувьд 2014 оноос хойш малчдыг дэмжих хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Малчин-Үйлдвэр гэсэн харилцааг бий болгож, дундын зуучлалыг болиулах чиглэлээр найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ 21 аймаг, 330 сумын малчны хотноос махаа бэлтгэж байна" гэлээ.
ХОНОГТ 40-50 ТОНН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ҮЙЛДВЭРЭЭ ЕСДҮГЭЭР САРД НЭЭНЭ
Мөн тус компани 2019 онд Австри улсын "Ласка" брэндтэй хамтарч, "Мах Импэкс" ХК-ийн шинэ үйлдвэрийг байгуулах төслийг эхлүүлжээ. Улмаар үйлдвэрээ ирэх есдүгээр сард нээхээр төлөвлөж байгаа аж. Олон Улсын стандартад тус үйлдвэр нь хоногт 40-50 тонн мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай.
ВИДЕО ҮЗЭХ: