ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймагт ажиллаж, олон улсын нэгдсэн стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлээ.
Онцгой байдлын газар нь алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор өнгөрсөн онд ажилчдын 12 айлын орон сууцны барилга барих дэд бүтэц бүхий газрын асуудлыг аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлж, ашиглалтад оруулснаар 2013-2021 онуудад нийт 92 алба хаагчийг орон сууцтай болгосон байна.
Мөн ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг цахимаар авч хэвшсэн зэргээр олон улсын стандартуудыг нутагшуулах ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байгааг ажлын хэсэгт танилцууллаа.
Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Онцгой байдлын байгууллага нь 2020 онд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болсон. Тус стандартын хэрэгжилтийг дүгнэх, мэргэжил, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа. Олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр гамшгаас хамгаалах удирдлагын системийг бэхжүүлж, менежментийн хувьд бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үндэс суурь нь болсон. Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс өгсөн цаашид анхаарч ажиллах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо” гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )