Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдөр нийслэлд 91 шинэ автобус ирсэн бөгөөд тэдний дунд хоёр давхар автобус ирсэн нь олны анхааралд өртсөн юм. Туршилтаар явж эхэлсэн цагаас сайн, муу олон санал шүүмж дагуулсан тус автобусанд зорчиж, сурвалжилга бэлтгэлээ.
Дэлхийн 59 оронд нэвтэрсэн тус автобус манай оронд 2020 онд туршилтаар орж ирсэн ч тун удалгүй үйлдвэр рүү гээ буцсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн хоёр давхар автобус нийслэлийн замаар давхих боллоо. Тус автобус нь хоёр жилийн өмнө туршилтаар орж ирэхдээ ганц ширхэг байсан тул иргэдэд хүртээмжтэй байж чадаагүй. Харин энэ удаа 10 ширхэг болж ирсэн учир тус автобусанд суух гэсэн иргэдийн хүлээлт их байлаа. Хоёр давхар автобусанд зорчиж үзэх зорилго өвөртлөн Офицеруудын ордны буудал дээр хоёр цаг шахам хүлээсний эцэст суув.
СУУДЛЫН БҮСТЭЙ АВТОБУСАНД СУУЖ ҮЗЭВ
Нийслэлд 10 ширхэг хоёр давхар автобус ирсэн ч тодорхой шалтгааны улмаас тав нь л шугаманд гарсан байна. Тиймээс тэр таван автобус хотын нэг захаас нөгөө захыг туулна гэхээр бага зэрэг хүлээх нь тодорхой болов. БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” компанийн “Skywell” нэрийн автобус 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй аж. Мөн хяналтын системээр тоноглогджээ.
Автобусанд суугаад дээд давхарт гарахад хяналтын ажилтан зорчигч бүрийг суудалдаа сууж, автобус хөдөлсөн үед босож болохгүйг анхааруулж байлаа. Тун удалгүй хяналтын ажилтан бүсгүй автобусны урд хэсэгт зогсон нийт зорчигчдод хандан яг л онгоцны үйлчлэгч мэт аюулгүй ажиллагааны дүрмийг тайлбарлаж зогсож байв. Тэрхэн агшинд автобусанд ороод ирэв үү, онгоцонд суучихав уу хэмээн түр тээнэгэлзэв. Хоёрдугаар давхрын хамгийн урд талын дөрвөн сандалд суух зорчигч бүр суудлын бүсээ зүүх ёстой ажээ. Бага насны хүүхдүүд уг автобусыг ихэд сониучирхаж, аав ээжийгээ чангаан байж хамгийн урд талын суудалд суумагцаа инээд алдан баярлах нь өөрсдийгөө автобусны жолооч болсон мэтээр мөрөөдөж, догдолж буй мэт байлаа.
Давхар автобусанд нэг суучихсан бол хотын замыг өндрөөс тольдож бас дээвэр рүү өнгийвөл тэнгэрийг харах боломж давхар олдоно. Зарим хүмүүс алсыг харагч тоглоом дээр суучихсан мэт гоё байна хэмээн өөр хоорондоо сэм ярилцаж ч байх нь тэр.
Дээр дурдсанчлан автобус 70 хүний суудалтай ба дээд давхарт 40 хүн суух боломжтой. Дээд давхарт суудлын дагуу 40 хүн л орох тул буусан хүний тоогоор зорчигчид дээш гарч сонирхож байсан юм. Автобусанд зорчигчдын нэг нь “Кинон дээр л иймэрхүү автобус харж байсан. Дэлхийн олон оронд хоёр давхар автобус байдаг гэж сонссон. Манай улсад одоо л нэвтэрч байгаа хэдий ч энэ нь сайн хэрэг шүү дээ. Дээд давхартаа их сэлүүхэн бас тохилог юм. Энэ автобусанд л сууна гэж яг зориогүй ээ. Ажилдаа явах гээд хүлээж байтал энэ автобус ирж таарахаар нь олзуурхаад сууж үзлээ. Лондонд хоёр давхар автобус 100 шахам жилийн өмнө явж эхэлсэн гэдэг. Нийслэл давхар автобустай болж байгаад баяртай байна” хэмээсээр автобуснаас буухаар доош уруудав.
ХОЁР ДАВХАР АВТОБУС ХОТЫН СОЁЛЫН ИЛТГЭЖ БАЙНА
Хойхно талд суух хижээл насны хоёр эрхэм “Нээрээ л сэлүүхэн эд байна шүү, элдвийг үзэж сонирхоод аятайхан юм даа. Дээшээ хардаа, үнэтэй машины дээвэр шиг онгойдог юм байна хө” хэмээн хөөрөлдөнө. Ахиад өөр тийшээ харвал автобусны хананд байрлуулсан USB оролт руу утсаа холбон цэнэглэнгүүтээ “Болж байна хөөе” хэмээн найздаа хэлэх дунд сургуулийн сурагчид ч байв.
Мөн гаднын жуулчид ч манай хоёр давхар автобусыг ихэд сонирхож буй бололтой үүргэвчтэйгээ орж ирэн сууж үзэж байсан юм. Тус автобусны хяналтын ажилтан Д.Ганчимэг “Зорчигчид шаардлагыг маш сайн, уриалгахан биелүүлж байгаа. Хамгийн гол нь тус автобус хоёрдугаар давхартаа зориулалтын бариулгүй учир зөвхөн сандал дээр сууж л зорчих боломжтой. Дээд давхарт суудал сулартал тэвчээртэй хүлээж байгаа зорчигчид маань их соёлтой боловсон үйлчлүүлж байна” хэмээлээ. Хоёр давхар автобусны түүхийг сөхвөл Английн нийслэл Лондон хотоос гаралтай аж. Тус хотод 1956 оноос хоёр давхар автобус явж эхэлжээ.
Анхандаа Лондонгын нарийн, тахир гудамж болон автозамд зориулж багтаамжтай хэрнээ хавчигдуу хэлбэртэй болсон байна. Мөн улаан өнгөтэй тус хоёр давхар автобус нь Их Британийн үндэсний бэлгэдэл болсоныг Лондонгийн 2012 оны олимпын нээлтээс ажигласан байх. Зөвхөн Их Британи гэлтгүй тус автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн бусад оронд жуулчдыг татах арга хэрэгсэл болгосон байдаг ажээ. Лондон хот хоёр давхар автобустай болоод удаагүй байхад тус автобусанд сууж үзсэн жуулчид “Автобусны дээд давхраас Лондон хотыг ажиглах хамгийн сайхан нь” хэмээн уулга алддаг байсан гэнэ. Түүнтэй адил манай хотын иргэд ч автобусны дээврээс нийслэлээ ажиглаж, стресс ихтэй нийгэмд түр ч болов тайвширч байгаа харагдана.
ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖВЭЛ ӨӨР ЧИГЛЭЛД ХОЁР ДАВХАР АВТОБУС ЯВАХ БОЛОМЖ БИЙ
Хяналтын ажилтан буудал солигдох бүрд шинээр орж ирсэн хүмүүст анхааруулга өгч дээд давхарт суудал гармагч нэг нэгээр нь дуудаж оруулахдаа ч болгоомжтой алхахыг сануулсаар байлаа. Мөн хяналтын ажилтны хэлснээр 10 дугаар хорооллоос гуравдугаар эмнэлэг хүрэх замд өндөр мод их байгаа гэнэ. Тиймээс тэр асуудлыг цэгцлэх хэрэгтэй байгаа ажээ.
Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар “Манай шинэ автобусны онцлог нь нэг удаагийн цэнэглэлтээр 400 км зам туулах хүчин чадалтай. Улаанбаатар хотын зам 220-250 км гаруй урттай. Тэгэхээр хоёр давхар цахилгаан автобус нэг цэнэглэлтээрээ 1.5 өдөр бүтэн явах боломжтой юм. Мөн автобус бүрд 12 хяналтын камер бий. 2020 онд хоёр давхар автобус нэг ширхэг ирж 8-9 сар туршилтаар явсан ч Монголын цаг уурт арай зохицохгүй байна гэсэн шалтгаанаар БНХАУ-ын үйлдвэр рүү буцаагдсан. Учир нь манайх шиг зундаа бүгчим халуун, хуурай уур амьсгалтай оронд агааржуулалтын системтэй болгохоос эхлээд хэд хэдэн сайжруулалт хийх ёстой болсон. Ингээд шинэ зүйлсээ суурилуулж, сайжруулсан ч цар тахлын хязгаарлтаас болж БНХАУ-ын үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн. Засварын ажил дууссан ч бас л хил гааль дээр үүссэн ачаа тээврийн гацаанаас болж ажил хойшилсон юм. Цаашид хоёр давхар автобусны тоог нэмэх боломжтой” гэв.
Биднийг автобустай танилцах үеэр автобусны буудал зарлагч төхөөрөмжийг суурилуулж амжаагүй байлаа. Харин автобус компанийн удирдлагууд төхөөрөмжийг тун удахгүй суурилуулах ба одоогоор жолооч бүрд автомат харилцуур байгаа тул түүгээр автобусны буудлыг зарлах боломжтой байна. Түүнчлэн ирэх долоо хоногоос баазад үлдсэн таван автобусны улсын дугаар, жолоочийн үнэмлэх гарах тул үйлчилгээнд тэр даруй нэвтрэх аж. Одоогоор зөвхөн төв замаар Офицер-Таван шар чиглэлд явж буй ч туршилт амжилттай хэрэгжин, нэмж автобус ирвэл өөр чиглэл рүү хоёр давхар автобусаар зорчиж болохыг албаныхан онцолсон юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна. Гадна талаасаа ямар царай муутай юм бэ? Өнгө будгийг нь өөрчлөх хэрэгтэй
yum uzeeguy yumnuud , khurekh gazar ni zorilgo bolokhoos 2 dawkhar awtobus bish