Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөлөл хүүхдийнхээ хамтаар өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахыг хүсэж, Төрийн ордны баруун хаалганы үүдэнд суулт зарлалаа. (2022.06.08)
Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэглэдэг тасалдсан эм, тариаг оруулж ирэх, яаралтай хагалгаанд явах шаардлагатай хүүхдүүдийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах гэх мэт хэд хэдэн шаардлагыг өмнө нь тавьсан. Энэхүү шаардлагын хариуг нэхэж, яаралтай шийдвэрлэхийг хүсэж буй аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл:
-Өнөөдөр гэнэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гарч ирж байгаа юм шиг, зарим хүн бараг ийм хүүхэд байдаг гэдгийг ч мэдэхгүй юм шиг хандлага гаргаж байна. Үнэхээр гомдож байна. Би хүүгээ өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болгочихсон байсан бол өнөөдөр ингэж суухгүй. Миний хүүхэд эмчийн буруугаас болж булчингийн чангаралтай болсон. Одоо эмчлэх тоног төхөөрөмжгүй гээд л байж байна. Хандивын аян зохион байгуулаад гадаадад очоод эмлүүлнэ гэхээр эрүүл мэндийн сайд нь "Энэ хүүхдүүд эмчлэгдэх боломжгүй" гэж яриад хонгилын үзүүрт ассан багахан гэрлийн унтрааж байна.
-Манай охин тархины усжилт гэх өвчинтэй. Хүүхдийн маань хэрэглэдэг эм тасраад хоёр жил болж байна. Өмнө нь адилхан өвчтэй хүүхдээс гуйгаад хэрэглэдэг байсан. Одоо бол ямар ч боломжгүй болсон. Эмч нарын бичиж өгсөн эмнээс хоёрыг давхарлаж ууж байж хоёр цагийн турш л өвчнийг нь намдааж байна. Тэгэхээр бидний хүүхдүүдийн хэрэглэдэг, чанартай эм оруулж ирэх хэрэгтэй байна" гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөлтэй даваа гарагт уулзсан. Тэд надад дөрвөн заалт бүхий албан шаардлага өгсөн. Энэхүү шаардлагыг судалж үзээд, эрүүл мэндийн яамны зүгээс шалтгаалах зүйлийг шийдэх талаар хэлсэн байгаа.
Шаардлагын хамгийн эхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тусдаа орчин хэрэгтэй байна гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдөр засгийн газрын хуралдаан тараад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд очсон. Цаашид яамнаас хамаарах шийдвэрийг гаргана.
Нэн шаардлагатай 12 эмийн жагсаалт ирсэн. Түүнд судалгаа хийсэн. 2022 оны зургаан сардаа багтаад жагсаалтад багтсан 10 нэр төрлийн эмийг оруулж ирэхээр болсон. Үлдсэн хоёр эм нь Монгол улсын стандартад нийцсэн эм биш тул оруулж ирэх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
эЦЭГ ЭХЧҮҮД ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ТАЛААР АНХААРЧ АМЬДРААЧ.аРХИ,ТАМХИ, ЭЛДЭВ БУСЫН ХООЛ ХЭРЭГЛЭЭД ТЭР НЬ УРАГТ НӨЛӨӨЛДӨГ ТУХАЙ ХҮН БҮР Л МЭДДЭГ БИЗДЭЭ. ГЭТЭЛ ТООХГҮЙ ӨЧНӨӨН ЯВЧИХААД БУСДААС БУРУУГАА НЭХДЭГ ТЭНЭГ БИШ ГЭЖҮҮ.ЖИРМЭСНИЙ ЭХНИЙ ҮЕД ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД ОРООД ЗӨВ АМЬДРААЧ