ОЛОН ӨНГӨ: Бидний дэргэдэх жаргал

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Хүн бүрийн хувьд жаргал гэдэг өөр өөр хэмжүүр. Гэхдээ бидний дэргэд төрөл бүрийн жаргал оршиж байдаг. Өглөөг гэрийн хоолны, өдрийг кофены үнэрээр угтах нь жаргал. Сэтгэл сэргээж, өдрийг эрч хүчтэйгээр өнгөрөөх мэт мэдрэмжийг авдаг.

Хэчнээн муухай өдрийг өнгөрөөсөн ч амттай хоол идэх жаргал. Заримдаа өдрийн турш гэрээсээ гарахгүйгээр кино үзэх, эсвэл маргааш өглөө хүртэл гадуур цагийг өнгөрөөх ч жаргалтай зүйл. Ганцаараа шөнөжин алхаж, ууланд гарч эсвэл найзуудтайгаа хүссэн газраараа аялж явах ч үүний нэг хэсэг. Өвлийн улиралд гадуур дааран алхаж яваад дулаан газарт орох, хаврын салхинд нөмөр газар бараадах ч сайхан. Зуны халуунд мөстэй зүйл ууж, намрын бороонд шүхэргүй алхах ч жаргал.

Жижиг зүйлээс жаргал мэдэрч чадахгүй байх юутай гунигтай. Бид хэтэрхий том мөрөөдлийн араас явсаар жижиг зүйлсийг ч анзаардаггүй. Бүр танихгүй бяцхан хүүхдийн инээмсэглэл, нялх амьтны зулзагыг хараад юу ч мэдрэхгүй байна гэдэг бид тэр хэмжээний харалган болсныг илтгэж буй гэж боддог.

Хүн нэг л амьдарна. Хором мөч бүрийг биш юм аа гэхэд хоромхон зуурт ч атугай дэргэдээсээ жаргалаа хайгаасай хэмээн хүсдэг. Өдөр бүрийн мэдрэмж хожмын өдөр дурсагдана. Дурсамжид амьдардаг хүн гэдэг оршихуй эцсийн мөчид ч жаргалыг эрдэг жамтай гэх. Харин жижиг жаргалыг ч мэдрэх нэгэн эцсийн мөчөө ч жаргал хэмээн үздэг ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.43) 2022 оны 06 сарын 10

Жаргал цэнгэлдээ мансуурсаар эсвэл жаргах цагаа хүлээсээр суутал цаана чинь дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшил, өрсөлдөөн, мөргөлдөөнөөс сугарч үлдээд байна шүү, их л мансуурвал их л амархан зовох болно гэдгийг бүү март.

0  |  0
Top