Сургууль, цэцэрлэгтээ явах гэсэн багачуудыг үргэлж дагаж явдаг нэгэн аюул бол яах аргагүй зам тээврийн осол байдаг. Хүүхэд аль ч орчинд аюулгүй байх бүрэн эрхтэй ч сэтгэлгүй, буруу хандлагатай ах эгч нараас болж хохирч байгаа нь тун харамсалтай.
Замын цагдаагийн газраас авсан тоон мэдээгээр манай улс сүүлийн таван жилд 196 бяцхан амийг зам тээврийн ослоор алдсан байна.
Хэрэв жолооч ах эгч нар тэдэнд ганц удаа зам тавьж өгсөн бол, дүрмээ мөрдсөн бол бас эцэг эхчүүд хүүхдээ хөтлөөд зам гарсан бол тэд өдийд үеийнхэнтэйгээ инээж наадан, сурч боловсорч байх байжээ. Энэ жилийн хүүхдийн баяраар хоёр жил хөл хорионд байсан багачуудын нар гарч баяраа тэмдэглэж буйг сурвалжлахаар Төв талбай, парк гэх мэт газрыг зорьсон юм. Анх удаа аав, ээжээсээ хөтлөөд хүүхдийн баяр тэмдэглэж буй бяцхан үрсийн тэр гоё өдрийг муухай болгосон хэсэг хүн нь өнөөх л муухай ах эгч нар байлаа.
Ногоон гэрэл асмагц цагаан шугамаар дэгдээд зам хөндлөн гарах гэсэн хүүхдийг дайрах шахам хурдтай давхих өөдгүй жолооч нар өөрсдөө ч бас үр хүүхэдтэй биз ээ. Хэрэв тэр муухай ах, эгчийн хүүхэд хичээлдээ явах замдаа ногоон гэрэл ассан үед гарцаар гарч яваад өөр шиг нь ширүүн авиртай, хувиа хичээсэн этгээдэд мөргүүлж хүнд гэмтэн цаашлаад амь насаа алдсан бол яах бол.
Хүн аливаа асуудал өөрт нь тулж ирэхээс нааш тухайн зүйлийг төдийлөн анзаардаггүй гэдэг. Гэсэн ч замын хөдөлгөөнд оролцож буй бүх этгээд өөрсдийн хүлээх үүрэг, дүрэм журмаа биелүүлэхгүй бол дахиад хэдэн хүүхэд хад дэрлэхийг бид мэдэхгүй нь.
Ерөнхий боловсролын сургуультай ойролцоох авто замд сургуулийн цагдааг зогсоож шар дарцаг өгөх болсон. Сургуулийн цагдаа хийж буй эцэг эхчүүд өнөөх шар дарцгаа барин ногоон гэрэл ассан үед гарцны тэг голд нь зогсон байж сурагчдыг зам хөндлөн гаргадаг дүр зургийг бид байнга хардаг.
Яагаад заавал дарцаг барьсан хүн гарцны голд зогсож байж л хүүхдийг гарцаар гаргах ёстой юм. Хүүхдэд зам тавьж өг хэмээн замын хөдөлгөөний дүрэмд ч зааж, тусгай гарц, тэмдэглэгээг суурилуулсан байхад ухамсаргүй хүмүүс улангассан мал шиг дайрах ёстой юм бэ. Ах эгч нар минь ээ, гарцан дээр хүүхэд харсан даруйдаа зам тавиад өгчихөж байгаач. Тэд чинь нүдээ бүлтийтэл зам тавьж өгөхийг тань хүлээгээд зогсож байдаг шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Ene baidliig halahiin told yrd harshees 10 emegtei zamiin tsagdaa 6 sar gereegeer ajilluulahad l shiidegdene dee Torguulia tuldeggui nuhduudiig yaagaad tolgoig ni ileed baina ve? Shiideh has dee