Сүүлийн үед анзаарах нь ээ хаа сайгүй хэлэлцүүлэг, уулзалт, форум болж монголчууд нэг л их хуралдсан улс болжжээ. Хэмнэлтийн горимд шилжиж, шаардлагагүй үйл ажиллагаа хийхийн эсрэг байсан байгууллагууд ар араасаа томоохон зочид буудлуудад уулзалт, хэлэлцүүлэг гээчийг зохион байгуулж байна. Мэдээж хурал, хэлэлцүүлэг хийж болно. Ажлаа ч танилцуулж болно. Гэхдээ хэтэрхий туйлширсан нь тухайн үйл ажиллагааг утгагүй болгож байгаа юм. Жишээ дурдъя л даа.
Гэгээн муза урлагийн наадмын үеэр холбогдох байгууллагын төлөөлөл Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр баярлахаар ирсэн хүүхдүүдийн өмнө сайд нь бодлогоо ярьж байлаа. Саяхан гэхэд л Орос, Монголын бизнес форум болох үеэр бизнестэй холбоо бүхий илтгэлийг холбогдох томчууд нь тавьсангүй. Бизнес хамтрагч болох гэж буй оросуудынхаа өмнөөс харангуутаа “Бид улаанбаатарчуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх гэж байна” хэмээн олон тоо бүхий илтгэл тавьсан.
Хаа газар ямар нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахдаа хэт туйлширсан утгагүй илтгэлүүд сонссоор сүүлдээ ямар газар юу хийж яваагаа ч мартмаар. Илтгэл тавьж болох ч ядаж 10-15 минутад багтаан цагаа барихгүй, ярьж сураагүй, гол зүйлээ онож багцладаггүй, хэт нуршуу, сунжирсан, авцалдаагүй зүйлс ярина. Заримдаа ярианых нь эхлэлийг ч мартана. Ийм болохоор сүүлдээ ард иргэд “Жорлон барьсан ч тууз хайчилдаг, жижиг ажлыг ч дөвийлгөн ярьдаг” хэмээн томчуудаа “даапаалдаг” болсон. Ер нь тэгээд хаа хамаагүй очиж мэдрэмжгүй илтгэлүүд тавьж байснаас харьж ганц цаг ч болтугай унтаж амраасай билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )