Өнөөдөр Зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэ бол буянд шамдах өдөр.
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.
Энэ өдөр хураасан буян бум түмээр үржиж, хураасан нүгэл мөн бум түмээр үрждэг гэж монголчууд эрт дээр үеэс бие, хэл, сэтгэлийн нүглийг санан санан хязгаарлаж, хамаг амьтны тусад гэгээрлийн хутгийг олъё гэсэн хүчтэй сэтгэлээр ачлалт орон болох Багш, эцэг эх, гэр бүлийнхэн, эрдэмт орон болох Бурхан, ном, лам хувраг, зовлонт орон болох өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хүн болон амьтанд шүтэж буян хураадаг билэг оюунт, энэрэхүй сэтгэлтэй ард түмэн билээ.
АРВАН ЦАГААН БУЯН
1. Хорхой шавьжнаас аваад алив амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах
2. Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх
3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх
4. Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх
5. Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх
6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах
7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх
8. Бусадтай арцалдах, элдэв хорт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх
9. Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих
10. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтлах
10 цагаан буяны тухай дэлгэрэнгүй дурдваас: Өчүүхэн бага буяны үрээс хэмжээлшгүй их амгалан гарах буюу өчүүхэн бага нүглийн үрээс тэсэшгүй их зовлон гарч болзошгүй. Иймд буян, нүглийг бага гэж үзэж болдоггүй бөлгөө. Бусдын хийсэн үйлийн үрийг өөр нэгэн үл эдлэх ба өөрийн хийсэн үйлийг бусдад шилжүүлж үл болох бөгөөд өөрийн хийсэн үйлийг зөвхөн өөрөө л эдэлнэ.
Сайн муу бүхний шалтгаан болсон буян, нүглийн үйлийг эс хураавал түүний үр болсон амгалан, зовлонг хэзээд үл эдэлнэ. Үйл нь олон галваар дамжсан урт хугацаанд ч хорогдон алга болдоггүй төдийгүй шалтгаан нөхцөл нь бүрдсэн үед боловсрон гарч ирдэг байна. Арван цагаан буян нь сайн үйл, Арван хар нүгэл нь муу үйл болдог.
Сэтгэгдэл ( 0 )