Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран хүн, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” бодлогын үнэлгээний салбар хоорондын үндэсний хэлэлцүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын дэмжлэгтэйгээр 2022 оны зургаадугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, малын эмнэлэг, байгаль орчны салбарын үндэсний болон орон нутгийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хэлэлцүүлэг гурван өдрийн турш оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд “Нэг эрүүл мэнд” зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон "салбар хоорондын хамтарсан төлөвлөгөө" гаргана.
Энэхүү хэлэлцүүлэг нь Номхон Далайн Баруун Бүсийн улс орнуудын дундаас Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )