“Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Ёс зүй, сэтгэл судлалын судалгааны өнөөгийн байдал, хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.15 /зохион байгууллаа.

ШУА-ийн Философийн хүрээлэн  нь дэргэдээ Ёс зүй сэтгэл судлалын судалгааны салбарыг энэ онд шинээр байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монголын сэтгэл судлал, ёс зүйн сургалт судалгаа явуулдаг их дээд сургууль, судалгааны хүрээлэн,  ТББ-ын төлөөлөгчдийг хамарсан энэхүү  хэлэлцүүлгийг ФХ-ийн 50 жилийн ойг угтан хийж байгаа юм.   

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хэлэлцүүлгийн чиглэл бол манай нийгмийн тулгамдсан чухал сэдвийг сонгожээ. Манай эрдэмтдийн  санаа сэтгэлийг байнга эмзэглүүлж байгаа зүйл бол монголын нийгэмд үлэмжхэн дутагдаад байгаа ёс зүй, сэтгэл зүйн зохистой төлөвшил юм. Үүнийг хувь хүний үйл ажиллагаа руу чиглүүлэхээр  хүмүүжил зан үйл гэдэг юмтай холбогдоно. Ингээд ирэхээр монголын нийгэмд нэн тэргүүний хэрэгцээ болсон энэ асуудлыг  манай улс төрчид төрийн бодлогын хувьд  арагш  тавьсаар байгаа. Амин чухал асуудлыг онолын үүднээс, практикийн үүднээс судалгаа шинжилгээний зорилго зорилтын хүрээнд судалж цуглуулах, төрийнхөө бодлого руу, сургалт руу, нийгмийн практик, гэр бүлийн хүмүүжлийн систем рүү хүртэл оруулах  тулгамдсан хэрэгцээ бидэнд үүсчхээд байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэс болгоод Философийн хүрээлэн санаачлаад өөрийнхөө бүтцэд Ёс зүй, сэтгэл судлал гэдэг бие даасан салбарыг байгуулаад монголдоо байгаа цөөхөн энэ чиглэлийн судлаачдынхаа хүчийг нэгтгэн судалгааных нь суурийг тавьж байгаа нь нэг том алхам боллоо. Салбараас энэ мэт тодорхой ажлууд зохион байгуулж байгааг бид  дэмжин ажиллана. Дээрх асуудалд сэтгэл оюунаа зориулж байгаа нийт судлаач, эрдэмтдийг оролцуулж, санаа бодлыг солилцож байгаа учраас асуудлаа онож ойлголцох, хамтаараа зохион байгуулах ажлын чиглэлийг тодорхойлох, салбараа бэхжүүлэх, салбарынхаа судалгааны тэргүүлэгч чиглэлүүдийг оновчтой болгох гэх мэт олон талаар энэ хэлэлцүүлэг  ач холбогдолтой болж байна” гэлээ.  

Хэлэлцүүлгийн хүрээнд шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон “Хүмүүний ёс суртахуун ба сэтгэл хөдлөл хэмээх асуудалд” сэдвээр илтгэл тавьж “Хүмүүсийн ёс зүй, сэтгэл хөдлөлийн хэлхээ холбооны асуудал гэж байна уу. Үүнийг сэтгэл зүйн ухаанд судалж үзэж болдог уу,  үгүй гэдгийг тайлбарлав. Тэрээр”Өнөөдөр бид монгол хүнээ хэр сайн мэдэж байна вэ. Хүнээ сайн мэднэ гэдэг бол хүнийнхээ сэтгэл зүйг  сайн судалсан шинжилгээнд үндэслэдэг жамтай. Ард олондоо иргэндээ хандсан, төрийн  бодлого үр дүнтэй байх  нэг чухал нөхцөл нь сэтгэлзүйн шинжлэх ухааны ололт бөгөөд тэр шинжлэх ухааны ололтыг хэрэглэх явдал юм. Эндээс хүний ёс суртахуун сэтгэл хөдлөлийн авцалдааны асуудал,  ёс зүйн болоод сэтгэл судлалын авцалдаан дээр очиж нийлж байгаа юм болов уу” хэмээн илтгэлдээ онцоллоо.
 
Мөн энэ үеэр доктор Ш.Батсүх “Нийгмийн сэтгэл судлалын тулгамдсан асуудлууд”, доктор М.Золзаяа “1990 оноос хойш ёс зүйн асуудлаар хийгдсэн зарим судалгааны тойм”, доктор Р.Дарьхүү “Монгол улс дахь ёс зүйн судалгааны цаашдын чиг хандлагад анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top