Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн удирдлагууд оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

 

 

Монгол улсад 1956 оноос /хуучнаар/ ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэн хөгжихөд ихээхэн үүрэг гүйцэтгэн тус спортын үндэс суурийг тавьжээ. Анхны бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 1966 онд Сэлэнгэ аймгийн Шарын гол, 1968 онд Улаанбаатар хотод Гал унтраах ангиудын хооронд байлдааны тархалт, довтолгооны шат, гурав сунадаг шат, 4х100 метрийн буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж байсан түүхтэй.

 

 

Мөн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулж иржээ.

 

 

Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Алба хаагчид довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа маргааш шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top