ЧД: 37-р сургууль “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” булантай боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 37 дугаар сургуульд “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” сэдэвт хүндэтгэлийн буланг байгуулж өглөө.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга, Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Мөнхжаргал, Төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр" батлах тухай 200 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу энэ онд дүүргийн Ерөнхий боловсролын 149, 37 дугаар сургуулиудад ийнхүү хүндэтгэлийн буланг байгуулан хүлээлгэн өглөө.

Мөн Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Төлөвлөлт, сургалтын офицер, ахмад Н.Лхамжав сурагчдад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцаж, Өмнөд Судан Улсын талаар мэдээлэл хүргэн, Монгол Улсын энхийг сахиулагчид хэрхэн ажилласан байсан талаар ярилцлаа.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг 2002 оноос 2022 онд хүртэлх 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 21 мянга гаруй цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top