ЭМГЭНЭЛ | Пүрэвийн Сайнчулуун

Н.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Бидний эрхэм хүн, элбэрэлт ээж, ачит эмээ Пүрэв овогтой Сайнчулуун нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Пүрэвийн Сайнчулуун нь 1957 оны 05 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд Пүрэвийн тавдугаар охин болон мэндэлсэн. Тэрээр бага насаа эцэг, эхийн гар дээр цэцэрлэг, яслиар хүмүүжсэн.  

1975 онд Хөвсгөл аймгийн 10-н жилийн дунд сургууль,

1976-1978 онд Анагаах Ухааны дунд сургууль,

1987-1991 онд Намын дээд сургуульд сэтгэл судлаач, улс төр судлаач мэргэжил эзэмшсэн, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй байлаа.

  • 1978-1987 он хүртэл Халдварт өвчнийг анагаах клиникийн эмнэлэгт боловсон хүчин
  • 1996-2008 он хүртэл Хан-Уул дүүргийн МАН-ын дэргэдэх Намын эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүлэгч
  • 2008-2017 он хүртэл ХУД-ийн НАМЭХ-ны Дэд дарга, 2008 онд ХУД-ийн ИТХ-д нэр дэвшигч
  • 2004-2022 он хүртэл ХУД-ийн 86-р үүрийн тэргүүлэгч
  • 2017- 2022 он хүртэл ХУД-ийн Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч,
  • 1998 онд “Цорс-Буянт” ХХК–ийг үүсгэн байгуулагч, 22 жил тасралтгүй удирдсан удирдагч,
  • 2018-2022 он хүртэл Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоонд зөвлөх
  • 2018 оноос “Сүүн дагинас” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд тусламж үзүүлэн ажиллаж байлаа.

Тэрээр Эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байх хугацаандаа эмнэлгийн дунд болон дээд мэргэжилтний ажлын хуваарь, мэргэжил боловсролоо дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч эмч сувилагч нарыг нарийн мэргэжлийн болон дагалдан курст суралцуулах хөтөлбөр боловсруулж ажилдаа нэвтрүүлснээр тус эмнэлэг нь нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж чадсан ба өвчтөнг “Тосон авч үйлчлэх” үйлчилгээг эрүүлийг хамгаалах системд нэвтрүүлсэн нь улсын хэмжээнд шинэ санаачлага болж одоог хүртэл энэ үйл ажиллагаа нь үргэлжилсээр байна.

Мөн өвчтөнд эмчийн бичсэн эмчилгээний дагуу эмчилгээ хийлгэж байгаа эсэхийг хянах, “Хяналтын карт”-ыг хөтөлж тэмдэглэснээр, эмчилгээ нь цаг алдалгүй өвчтөнд хүрч, хийгдэж байгаа эсэхэд тасгийн ахлах сувилагч өдөр тутамд хяналт тавьж эмчилгээний үр дүн, эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж хүндрэл гарах явдал эрс багассан байна.

Пүрэвийн Сайнчулуун нь ажилдаа “эмч, ажилтан, өвчтөн”-ий гурвалсан харилцааг сайжруулах санаачлага гарган хэрэгжүүлж ажилласан нь эрүүлийг хамгаалах салбарт шинэлэг санаачлага байсан бөгөөд өвчтөнийг сэтгэл зүйгээр эмчлэх тал дээр анхаарал хандуулж сургалт, зөвлөгөө өгч дадлагажуулснаар эелдэг харилцааг бий болгож ар гэр болон өвчтөнөөс ирэх гомдол, саналыг  багасгаж, одоогийн нөхцөлд  эмч ажилчдын харилцаа хандлагыг өөрчлөх суурь үндэс болж чадсан юм.

Мөн Халдварт өвчин судлалын эмнэлгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаандаа залуучуудыг уулзалт семинар, урлаг спортын арга хэмжээ, АСТ тэмцээнүүдэд жил болгон идэвхитэй оролцуулж, салбарын аварга баг хамт олон болгосон бөгөөд эвлэлийн их хуралд 2 удаа сонгогдон оролцож байсан шилдэг тэргүүний манлайлан удирдагч байлаа.

Тэрээр Монгол ардын намын үзэл баримтлал үйл хэргийг дэмжин түгээгч, сурталчлан таниулагч идэвхтэн гишүүн байсан бөгөөд ХУД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгчээр ажиллаж тус хорооны оршин суугчдын аюулгүй байдал, сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласан нэрт зүтгэлтэн юм. Энэхүү үйл хэргийг үнэлж МАН-ын “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан”, “Тусгаар тогтнол” одонгоор тус тус шагнажээ.

1991 оноос худалдаа наймаа эрхэлж эхэлсэн бөгөөд 1995 онд байрны подвальд хүнсний ТҮЦ, хоёр суудалтай үсчин ажиллуулж эхэлснээс хойш тууштай хөдөлмөрлөсний үр дүнд 1998 онд “Цорс-Буянт” ХХК-ийг үүсгэн байгуулж талх нарийн боовны цех, найман нэрийн хүнсний дэлгүүр, үсчин, махны бөөний тасаг, хэрчсэн гурилын цех байгуулан үйл ажиллагааг өргөжүүлсэн.

Түүний үүсгэн байгуулсан тус компани өнөөдөр 14 өрөөтэй зочид буудал, клуб, талх нарийн боовны цех, найман нэрийн хүнсний дэлгүүр зэргээр үйл ажиллагааг тогтмол явуулсаар байна. Хорь гаруй жил уйгагүй зүтгэсэн хичээл зүтгэл, зөв удирдаж ирсэн удирдлагын шийдвэр гаргалтын үр дүнд түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлж байсан байраа 3 давхар үндсэн байр болон 2 давхар өргөтгөлийн байр болгож цөөнгүй хүнийг тогтмол ажлын байртай болгосон.

Пүрэвийн Сайнчулуун нь компанийхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилчдын байр барьж ашиглалтанд оруулж, 12 ажилтаныхаа хүүхдэд сургалтын төлбөрийн “буцалтгүй” тэтгэлэг олгож, шинэ залуу үеэ дэмжин тусалж, сурган хүмүүжүүлдэг сайхан сэтгэлт, сайн үйлстэн байлаа.

ХУД-ийн Эмэгтэйчүүдийн холбооны Дэд дарга, “Сүүн дагинас” ТББ,  Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа охид  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, сургах, хүмүүжүүлэх, дэмжин туслах үйл хэрэгт идэвхтэй оролцохын зэрэгцээ зөвлөгөө өгч, амьдралд нь бодит  туслалцаа үзүүлдэг нэгэн байлаа.

Мөн түүнчлэн залуу гэр бүлийг төлөвшүүлэх, хамтын амьдралыг дэмжих тал дээр шилдэг зөвлөн туслагч сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй гарааны бизнес эрхэлж буй  эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч, санхүүжилт дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг туршлагатай удирдагч юм.

Пүрэвийн Сайнчулууны ажил хөдөлмөрийн өндөр амжилт, улс нийгэмдээ хийж бүтээсэн  гавьяаг үнэлж:   

  • Монгол Улсын VI дугаар таван жилийн гавшгайч
  • ХУД-ийн “Хүндэт тэмдэг”, “ХУД-ийн 50 жилийн Ойн медаль”, ХУД-ийн “Хүндэт иргэн”,
  • “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”, Нийслэлийн “Хүндэт иргэн”
  • “Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан”, “Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан”  
  • Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Нийгмийн зүтгэлтэн” , “Шилдэг эмэгтэй”, Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал, “Манлай Ижий” холбооны “МАНЛАЙ ГЭР БҮЛ” шагнал,
  •  “Худалдааны салбарын 80, 85, 90-н жилийн ойн медаль”, “Ардын хувьсгалын 90, 100-н жилийн ойн медаль”, Нийслэлийн 375, 380 жилийн ойн медаль”, МАН-ын 90, 100 жилийн ойн медаль
  • Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан” зэрэг шагналаар  тус тус шагнасан байна.

Пүрэвийн Сайнчулуун нь 42 жил ажиллахдаа эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө шинэ санал санаачлага нэвтрүүлж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чин үнэнчээр зүтгэж, хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд шилдэг зөвлөн туслагч нь байж, эрхээ хасуулаад эргэж нийгэмд ирсэн иргэдийг нийгэмшүүлж амьдралыг нь дээшлүүлж өөртөө итгэх итгэл, амьдралд хөлөө олоход нь туслан ажлын байраар хангаж, шинэ залуу үеийг сургаж, халамжлан хүмүүжүүлж  улс нийгэмдээ шилдэг боловсон хүчнийг бэлдэж өгсөн гавьяатан өөрийн хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр, удирдан зохион байгуулах онцгой чадвараар бусдыг манлайлж явсан тэргүүний шилдэг эмэгтэй байлаа.

Пүрэвийн Сайнчулуун нь улс эх орондоо хөдөлмөрлөхийн зэрэгцээ гэр бүл үр хүүхдүүд, ач зээ нартаа үлэмжийн их үлгэр дуурайлал болсон энэрэнгүй сэтгэлтэй, хүчирхэг сэтгэл зүйтэй ачлалт ээж нь, ханьдаа халамжит хань нь байж, ухамсарт амьдралынхаа он жилүүдийг утга төгөлдөр амьдарсан ачтан юм.

Түүний улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд оруулсан үнэтэй хувь нэмэр, өөрийн шантрашгүй зориг, хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрч чанар, өгөөмөр ухаан, энэрэнгүй нинжин сэтгэлийг нь үр хүүхэд, ач зээ, хайртай хань, ахан дүүс, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд нь үүрд санан дурсах болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.11) 2022 оны 06 сарын 16

УМ МА НИ БАД МЭ ХУМ

0  |  0
Top