“Биеийнхээ эрүүл эрхтэнг зарна” гэсэн бичигтэй самбар барьсан эрэгтэй гэр бүлийн хамт Истанбул хотын Ерөнхий консулын байрны гадна зогсож буй зургийг та харсан байх. Энэ бол хүүгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьж, эмчилгээ хийлгэж байсан ч төлбөрөө төлж чадахгүйд хүрсний улмаас хүний нутагт гудамжинд “гарсан” аавын цөхрөнгөө барсан үг.
Сэтгэл эмзэглүүлэм энэ дүр зургийг хараад зүгээр өнгөрөөж чадсангүй. Хүү нь яасан бол гэх бодол салахгүй, хүүгийн аав О.Хэрлэнтэй холбогдож, ярилцлаа.
Түүний хүү Х.Эрхэс 11 настай. Өнгөрсөн гуравдугаар сард ЭХЭМҮТ-д үзүүлж, архаг цус багадалттай (АПЛАСТИК ӨОУА- D61.9) гэсэн онош тогтоолгожээ. Энэ өвчин нь Монголд эмчлэгдэх боломжгүй учир Турк улсыг зорьж, чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоор эмчлүүлж байсан юм. Гэтэл эмчилгээний зардал төлөх чадваргүй болсны улмаас эмнэлгээс “хөөгджээ”.
-Юун түрүүнд хүүгийнх нь биеийн байдлыг асуумаар байна. Хүү нь хэр байна?
-Эмнэлгээс гараад гурав хонолоо. Одоо айлын хажуу өрөөнд байгаа. Эмчилгээ нь зогссон учраас хүү маань маш хүнд байна.
-Монголоос Турк руу хэзээ явсан бэ. Эхнэр, хоёр хүүгийн хамт явсан байсан?
-Тийм ээ. Би гурван хүүхэдтэй, ам бүл тавуулаа. Том хүү маань Монголд үлдсэн. Тавдугаар сарын 5-нд эхнэр, хоёр хүүгийн хамт Туркт ирсэн. Анх ирэхдээ 60 гаруй сая төгрөгтэй ирсэн. Хүү маань өдөр бүр 500 ам.долларын эмчилгээ хийлгэж байгаа болохоор мөнгө дуусаж, цаашид эмчилгээний төлбөр төлж чадахгүйд хүрсэн. Тэгээд л эмнэлгийнх нь дүрмийн дагуу гарах хэрэгтэй болсон.
-Бага хүүхдээ яагаад дагуулж явсан юм бол?
-Эрхэсийг маань эдгээхэд донор хэрэгтэй шүү дээ. Тиймээс дүү Маргад нь донор болох юм.
-Та дөрөв одоо хаана байрлаж байгаа вэ?
-Истанбул хотод ээжийгээ эмчлүүлж байгаа монгол эмэгтэй биднийг гэртээ байлгаж байгаа. Айлын хажуу өрөөнд гурав хонож байна.
-Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консултай уулзах гэж очсон байсан. Холбогдож чадсан уу?
-Эмчилгээний төлбөр бүрдэх хүртэл өдөр бүр хийлгэдэг 500 ам.долларын эмчилгээг тасалдуулахгүй байх талаас нь шийдвэрлэхэд туслаач гэж очсон юм. Консулын төлөөлөгчтэй хамт эмнэлэг рүү очиж, уулзахаар болсон. Төлбөрийг нь хувааж төлөх л арга олох хэрэгтэй байна. Хүү маань өдрөөс өдөрт хүндэрч байна.
Нэн яаралтай хагалгаанд орохгүй бол хүүгийн маань гараар юм туурч, зүү тариур хатгасан нүхээр шүүслэг юм гараад байгаа. Бид яаралтай л эмнэлэгтээ хэвтэхгүй бол үнэхээр хүнд байна.
Одоо долоо хоног эмчилгээ хийлгэвэл хагалгаанд ороход бэлэн болохоор байгаа.
-Та “Биеийнхээ эрүүл эрхтэнг зарна” гэсэн бичиг барьсан байсан. Энэ үнэхээр аргаа барсан аавын үйлдэл байх?
-Бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Элэг шилжүүлэх, бөөр шилжүүлэн суулгах гэх мэт бүхий л эмчилгээ хийгддэг энэ улсад надад мөнгө олж, хүүгээ эмчлүүлэх ганцхан арга л энэ юм бодогдсон. Өөрийнхөө эрүүл эрхтэнг зараад ч хамаагүй хүүгээ авармаар байна.
-Хүүтэйгээ ярилцаж байна уу, сэтгэл санаа нь хэр байгаа бол?
-Байнга ярилцаж байгаа. Хүү маань хурдан эдгээд, далай орно гэж яриад байгаа. Ирснээсээ хойш дандаа эмнэлгийн орон дээр байсан болохоор далай үзэхийг маш их хүсэж байгаа.
-Эмчилгээний зардал 450 сая төгрөг гэсэн шүү дээ. Одоогийн байдлаар хэдэн төгрөг цуглаад байна вэ? Монголын ард түмэн хандивын дансыг түгээж, хандивт нэгдэхийг уриалсаар байна.
-Чөмөг шилжүүлэн суулгахад нийт 154 мянган ам.доллар шаардлагатай байгаа. Энэ нь 450 орчим сая төгрөг. Харин урьдчилгаа төлбөр болгож 70 мянган ам.доллар (220 гаруй сая төгрөг) дансанд байршуулах ёстой.
Одоогийн байдлаар монголчуудынхаа сайхан сэтгэлээр 40 орчим сая төгрөг цуглаж, бидэнд 80 сая төгрөгтэй болсон байна. Урьдчилгаа хийж, хагалгаанд орохын тулд 150 сая төгрөг шаардлагатай гэсэн үг.
Хандивт нэгдэж, хүүд маань тусалж байгаа монголчууддаа маш их баярлалаа. Үнэхээр их баярлалаа.
-Хүү нь хурдан эдгэж, гэр бүлийнхэнтэйгээ далай үзнэ ээ. Хүчтэй байгаарай та бүхэн.
Х.Эрхэс хүүгийн хагалгааны төлбөрт хандив өгөх данс: 5376143218 -У.Солонго (Хүүгийн ээж)
Сэтгэгдэл ( 6 )
Хэдэн төгрөг олж эмнэлэг биш энэ өвчин хэрхэн яаж илрээд байгааг л олмоор юм байна даа,ямар аргаа барахдаа ийм бичиг бариад зогсож байхав дээ
манайхан энэ чиглэлээр эмч, мэргэжилтнээ ,багаж төхөөрөмжөө бушуухан бэлдээсэй.арай дэндүү байнаа.ядаж монголдоо эмчлүүлж эцсээ үздэг болох нь өлзийтэй болноо доо
шал ичгүүртэй юмаа
Өөрийн хэмжээнд бүгд туслаарай. Жаахан хүүхэд шүү дээ
Манайхан боломжоороо туслаарай. Далайд дусал нэмэр
Турк хүний зовлонгоор бизнес хийж баяжиж байгаа орнуудын нэг. Олон хүн эмчлүүлээд дээд тал нь хоёр жил тэгээд л 3сар болоод асуудал бүтэлгүйтдэг олон жишээ байна. Манай эмч нар багаж төхөөрөмж нь байвал хийж чадна. Удахгүй хийх төлөвлөгөөтэй хүн сургаж байгаа