Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо болон нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид оролцсон юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын чадавх өдрөөс өдөрт өргөжин тэлж, аврагч, гал сөнөөгч нар маань газрын гүнд, гадарга дээр, ууланд, агаарт, усанд гээд шаардлагатай бүхий л обьектод хаа сайгүй үүрэг гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж байна.
Цаашид бид гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг сайжруулах, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, гамшгийг тэсвэрлэх, даван туулах, эрсдэл даах чадвартай төр-хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоход онцгой анхаарч ажиллана. Засгийн газраас дэвшүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн хэрэглээ-хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орон зайн мэдээллийн систем, өгөгдлийн санг хөгжүүлэх, цахим үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратеги зорилт болгон бие даасан нэгж байгуулах шийдвэрийг ч гаргасан.
Энэ цаг үед Онцгой байдлын хаагчид Та бүхэн мэдлэг боловсрол, ур чадвараа илүү сайжруулж, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог илүү боловсронгуй болгож шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах нь чухал. Монгол Улсын болон бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын болон байгаль орчны аюул эрсдэлгүй нөхцөл байдлыг хангах бэхжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай ажил үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Эх орон, ард түмнийхээ төлөө хайрлаагүй амь, халшраагүй зүтгэл Та бүгдийнх билээ. Албан үүргээ нэр төртэйгээр, чин шударгаар биелүүлж байгаа Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орон минь аюул, осолгүй амар тайван байж, Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эх орон, ард түмнээ гамшгийн аюул, эрсдлээс хамгаалахын төлөө алтан амиа зориулах тангарагтай, нэр хүнд, сахилга бат, ажил үйлсээрээ үлгэр дуурайл үзүүлж байдаг алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг бөгөөд Та бүхнийг “Энх цагийн эгэл баатрууд” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ. Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын байгууллагын удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал нэмэгдэн, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.
Тус байгууллагын түүхэн замнал та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга, гавьяат үйлс, туршлага, сургамжаар улам бүр зузаарсаар байна. Баярын энэ өдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайдын нэрэмжит шагнал бий болгож, эх орон, ард түмнийхээ төлөө онцгой гавьяа байгуулсан нэг алба хаагчид жил бүр олгож байх болсон нь нэн сайшаалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч цаашид гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжих болно.
Эрхэм хүндэт цэрэг эрс, Онцгой байдлын алба хаагчид Та бүхнийхээ онцгой хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Баярт энэ өдрийг тохиолдуулан эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа Та бүхний бат бэх ар тал, ёс суртахууны өндөрлөг болж байдаг гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд тань чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе”. гэлээ.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
ОБЕГ
Сэтгэгдэл ( 1 )
Эхний зураг : Ёрөнхийлөгч генерал цол өгсөн хадам ах Болдбаатарын хамт