Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Наадмын олон хоногийн амралтаар хөдөөг зорих иргэдийн цуваа нэмэгддэг. Цар тахлын улмаас хоёр жилийн турш үндэсний баяраа тэмдэглээгүй иргэдийн хувьд энэ жилийн Наадмын баяр нижгэр болох төлөвтэй байна. Үүнийг даган төрөлх аймгийнхаа ой, тэмдэглэлт баярт оролцож, амарч зугаалахаар хөдөөг зорих иргэд өдрөөс өдөрт хотыг орхисоор. Иргэдийн энэ эрэлт хэрэгцээг дагаж, наадам угтсан үнийн хөөрөгдөл их болжээ. Хамгийн тод жишээ бол автомашины үнэ болон түрээсийн үйлчилгээ юм. Энэ талаар манай сонин өдрийн сурвалжилга бэлтгэн хүргэж байна.
СУУДЛЫН ТЭРЭГНИЙ ЭРЭЛТ НЭМЭГДСЭН ГЭВ
Манай улс үйлдвэрлэгч орон биш. Тиймээс автомашиныг ихэвчлэн Япон болон Солонгос улсаас импортлодог. Тэдгээр улсад хөдөлгөөнд оролцож байсан машиныг Монголд худалдаалахад оруулж ирэх үнэ болон тээврийн зардлаас шууд хамааралтай байдаг билээ. Да хүрээ худалдааны төвийн худалдаачид машины үнэ нэмэгдсэн шалтгаан бол цар тахал хийгээд, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт гэдгийг ярьцгааж байв. Гэвч зөвхөн эдгээр нь үнэ нэмэгдэх шалтгаан биш. Учир нь Тяньжины боомтод ачаалал нэмэгдсэнээс машины үнэ өссөн хэмээн үзэж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй ам.долларын ханшны савлагаа ч нөлөөлж байгаа гэдгийг дурдлаа.
Тус худалдааны төвийн худалдаачин Бөөрөө /түүнийг хүмүүс энэхүү нэрээр нь дууддаг/ “Хилийн асуудал цэгцэрвэл машины үнэ шууд буух байх. Одоохондоо хилийн гацаа хамгийн том асуудал болж байна. Үүнээс үүдэж хил дээрх чингэлгийн мөнгийг төлөх шаардлагатай болдог. Хил дээр чингэлэг олон хонох тусам хоногийн мөнгө их гардаг” гэлээ.
Мөн тус газрын худалдаачин Э.Ц “Баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн машин худалдах авах эрэлт ихэссэн. Гэхдээ сонголтын хувьд хангалттай байгаа хэмээн хэлж чадахгүй. Биднээс шалтгаалахгүй асуудлууд нэлээд бий. Иргэдийн худалдан авах чадвар нэг үеэ бодвол сайжирсан. Тэр хэрээр жижиг тэрэг сонирхох нь нэмэгдээд байгаа. Гэхдээ биднээс илүүтэй хувь хүмүүсээс цэвэрхэн эдэлсэн тэрэг худалдаж авах нь нэмэгдсэн юм шиг санагдсан” гэсэн юм.
ПРИУС-30 МАРКИЙН МАШИНЫ ҮНЭ 6-9 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
Наадмын баяр дөхөөд ч тэр үү, иргэдийн машин худалдан авах эрэлт нэмэгдсэн нь бичигдээгүй хууль гэлтэй. Жил бүрийн өдийд машины үнэ тодорхой хэмжээнд нэмэгддэг ч энэ жилийн хувьд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад даруй хоёр дахин нэмэгдсэн. Тэр дундаа 21 аймгийг нийслэл хоттой засмал замаар холбосон нь жижиг тэргийн эрэлт нэмэгдэх бас нэгэн шалтгаануудын нэг. Учир нь хот хоорондын замыг сайжруулснаар шатахуунд хэмнэлттэй машины эрэлт шууд нэмэгдсэн байгаа юм.
Приус 20 маркийн машин 20-23 сая, Приус 30, 40, 41 24-30 сая, Харриер 35-90 сая, Акуа 17-19.5 сая, Пробокс 13-21 сая, Экстрал 28.5-29.5 сая төгрөгийн ханштай байна. Гэвч хамгийн сонирхолтой нь Приус 30 маркийн машины эрэлт өсөж, машины үнэ 6-9 сая төгрөгөөр нэмэгджээ. Уг маркийн суудлын тэргийг өнгөрсөн жилийн өдийд 18-21 сая төгрөгөөр худалдаалж байсан юм. Түүгээр ч зогсохгүй ямар ч баяр наадмын үед ханш нь өсдөг машин бол Ланд круйзер маркийн машин юм. Тэр дундаа Ланд круйзер 200 маркийн машины үнэ хамгийн багадаа 120 сая төгрөгт хүрсэн байна.
ТҮРЭЭСИЙН МАШИНЫ ОЛДОЦ ХОВОР БАЙНА
Зөвхөн машин худалдааны үнэ өсөөгүй юм. Машин түрээсийн үнэ ч өссөн байна. Их сургуулиа төгссөний 10 жилийн ойгоо тохиолдуулан найзууд нийлж, Завхан аймгийн үзэсгэлэнт газруудаар аялахаар шийджээ. Ихэвчлэн эмэгтэйчүүд учраас холын замд машин барих бэрх тул автомашин түрээсийн үйлчилгээг судалсан байна. Энэ талаар иргэн Б.Наранчимэг “Би найзуудынхаа хамтаар нийт долоон хүн багтахаар түрээсийн машины үйлчилгээ судалж үзлээ. Яг улирал нь ихэссэн болоод ч тэр үү, олдоц маш бага. Байгаа нь үнэ өндөр юм. Ихэнх нь жолоочтой машин байна. Ямар машин түрээслэхээс шалтгаалаад хоногийн 150-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Жийпнүүд бол хоногт 300 мянган төгрөгөөс дээш түрээс төлнө гэнэ. Түрээсээс гадна шатахуунаа өөрсдөө хийнэ. Хамгийн гол нь Делика, Альфарт зэрэг дунд оврын, олон хүн багтчихаар машин олдохгүй байна” гэв.
МАШИН ТҮРЭЭСЛЭХДЭЭ ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙГ БАРЬДААНД ТӨЛНӨ ГЭВ
Иргэдийн эрэлт хэрэгцээг дагасан автомашин түрээсийн үйлчилгээ зөвхөн хөдөө орон нутагт гэлтгүй хот дотор ч бий. Түрээсийн хугацаагаа хоногоор тооцохоос гадна цагаар хүртэл бодож авдаг газрууд цөөнгүй болжээ. Түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниас гадна хувь хүмүүс ч байна. Тэдний ихэнх нь төлбөрөө 100 хувиар урьдчилан авдаг аж.
Түрээсийн үнэ ханш, үйлчилгээний нөхцөлийн талаар Авторент ХХК-аас тодруулахад “Манай компани одоогийн байдлаар дандаа жийпнүүд түрээсэнд гаргаж байгаа. Тухайлбал, Ланд 100, Ланд 200, Лексус 570 маркийн машинууд бий. Хоногийн 250-400 мянган төгрөгөөр түрээслэнэ. Бүгдийг нь жолоочгүй гаргаж болно. Тэр тохиолдолд барьцаа болгож, гурван сая төгрөг авдаг. Бүгд даатгалтай машинууд байгаа. Төлбөрийн хувьд гэрээ хийхдээ 100 хувь түрээсээ төлсөн тохиолдолд захиалга нь баталгаажна. Хэрвээ жолоочтой машин гаргуулахаар бол хоногийн түрээс дээрээ дахиж 80 мянган төгрөг нэмж төлнө. Барьцаа байршуулах шаардлагагүй” гэв. Машин түрээсийн үнэ, олдцын талаар “чих тавихад” ийм байна.
Иргэдийн хувьд өдөрт дунджаар 300 мянган төгрөгийн түрээстэй жийп хөдөө рүү хөлөглөж явлаа гэхэд тав хоногт нэг сая 500 мянган төгрөг зөвхөн түрээсэнд төлөхөөр байгаа юм. Мөн машин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллагуудын захиалга зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын дунд үе хүртэл дүүрсэн байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ХТРАЙЛ Т30 ХЯМД ЗАРНА.ЗҮҮНХАРАА 96063071.