ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч, техникийн ухааны доктор Б.Баттогтохыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзлаа. Хошууч Б.Баттогтох нь Онцгой байдлын байгууллагын 11 дэх, ОБЕГ-ын анхны доктор боллоо. Тэрээр “Нүүрсний исэлдэлт, өөрөө шаталт, агаарын урсгалын хамаарлын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын (Ph.D) зэргийг хамгаалсан юм.
Энэхүү судалгааны ажил нь далд уурхайд нүүрсний исэлдэлт, өөрөө шаталтаас үүдэлтэй гал түймрийг унтраах, түүнийг унтраахад үүсч болзошгүй эрсдэлийн талаар Монгол Улсад анх удаа системтэй судалснаараа онцлог.
Судалгааны үр дүнд тодорхойлж, дэвшүүлсэн аргачлал, технологийн горимыг далд уурхайн малталтад нүүрсний исэлдэлт, өөрөө шаталтаас үүдэлтэй гал түймрийн шинж тэмдэг илэрсэн үед ашиглах бүрэн боломжтой.
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд далд уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй алба хаагч юм.
Ажиллах хугацаандаа ”Уул уурхайн аврах ангийн дүрэм”, “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай обьектод үзэгдэх орчингүй, хязгаарлагдмал, агааргүй, хорт хийтэй орчинд аврах ажиллагааг зохион байгуулах журам”, “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Далд уурхайн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах заавар”, “Эрэн хайх, аврах ажиллагааны байгууллагын стандарт”, “Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах нэгжид тавигдах шаардлага Монгол Улсын стандарт”, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”, “Ил, далд уурхай, баяжуулах үйлдвэрийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний нийтлэг заавар”, “Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” зэрэг эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлуулсаныг албаны үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )