ХЭҮК: КОВИД-19 халдвартай эх нярайд тусламж үзүүлэхээс татгалзжээ

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.06.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцсэн.

Уг илтгэлээр танилцуулагдсан цэргийн анги, нэгтгэлтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг түүвэрлэн хүргэж байна.

Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь нийгмийн халдварт өвчин, цар тахлын үед хүний эрхийн нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалтад иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг баталгаажуулж, “халдварт өвчин, тухайн нутгийн өвчин, мэргэжлийн болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, ...тэмцэх, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сувилах нөхцөлийг бүгдэд бий болгох” төрийн үүргийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ЭЗНСЭОУП)-ын 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлжээ. ЭЗНСЭОУП-ын энэ заалтын хүрээнд “аваар осол, гоц халдварт өвчин ба түүнтэй төстэй нийтийн эрүүл мэндийн гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, гамшгийн хор хөнөөлийг бууруулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тогтолцоо бий болгох”-ыг НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо улс орнуудад зөвлөжээ.

Гэвч Хөвсгөл аймгийн төрөх эмнэлгийн эмч ажилтан дээрх зөвлөмжийг зөрчсөн байна. 

...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Хөвсгөл аймгийн төрөх эмнэлэгт амаржсан. Төрөхөөс өмнө 2021 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр ПГУ шинжилгээ өгч, хариу эерэг гарсан. Төрсний дараа коронавируст халдвараар өвчилсөн тул эмч нар надад эмчилгээ үзүүлэхээс татгалзаж 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт эмнэлгээс гаргасан. Нярайн хүйг ч авч өгөөгүй. Коронавируст халдвараар өвдсөн гэдгийг мэдсээр байж халдвартын эмнэлэг рүү шилжүүлээгүй. Төрсний дараах болон төрсөн эх коронавирустай тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөө огт өгөөгүй. Эмчилгээний багц авах хүсэлтэй байгаа талаар Энх-Үрс өрхийн эмнэлэгт хандсан боловч харьяалалгүй гэх шалтгаанаар өгөөгүй...

Гомдлыг шалгахад Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/392 дугаар тушаалаар баталсан Коронавируст халдварын үед жирэмсэн, төрөх, төрсний дараа үзүүлэх тусламж, үйлчилгээний түр зааврыг зөрчсөн, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлаагүй нь тогтоогдсон...  (ХЭҮК-т иргэний ирүүлсэн 2021 оны 906 дугаартай гомдлоос)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халаад(66.181.185.47) 2022 оны 06 сарын 22

Хал

0  |  0
Top