ХЭҮК: КОВИД-19 халдвартай хүн нас барах нь эмнэлгийн үзүүлэлтийг доош татах учраас аль болох хүнд хүн аваагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2022.06.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцсэн.

Уг илтгэлээр танилцуулагдсан цэргийн анги, нэгтгэлтэй холбоотой хүний эрхийн зөрчлийг түүвэрлэн хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 940,997 хүн уг вирусээр халдварлаж, 2,105 хүн нас баржээ.Нэг сая хүн амд ноогдох КОВИД-19 цар тахлын шалтгаант нас баралт дэлхийн хэмжээнд 790,6, Монгол Улсад 646 байна.8 Халдвар
авсан, нас барсан хүмүүсийн харьцаа 0.24 байгаа үзүүлэлтээрээ манай улс 196 улсаас 175 дугаарт эрэмбэлэгджээ.

...2021 оны 11 дүгээр сард жижүүрт гарсан шөнө хаалга нүдээд, онгойлгосон чинь 20 гаруй настай охин уйлаад зогсож байв. КОВИД-19-өөр өвчлөхөд байр түрээслүүлэгч айл нь хөөсөн гэхээр бид тусламж үзүүлсэн. Гэтэл заавал тандалтаар ирсэн өвчтөнийг авах ёстой, ийм тохиолдлоор өвчтөн авлаа гэж загнуулсан. Тандалтаар ирээгүй бол даатгал олгодоггүй учраас ийм өвчтөн авсан нь эмчийн буруу болсон. Хүнд тусламж үзүүлэх биш, нэг л хөндий хүйтэн, цэвдэг байдал гаргаад байдаг. Сайдын тушаалд хүнд яаралтай тусламж үзүүлнэ гэсэн нь яг юу хэлж байгаа нь ойлгомжгүй байна. Яаралтай тусламж хэрэгтэй гэдэг нь ком юм уу, шок юм уу? Хүнд өвчтэй ямар ч хүнд тусламж үзүүлдэг болмоор байна. Түүнээс биш, хүнд өвчтэй хүн байна, манай эмнэлэгт орж ирээд үхчихвэл эмнэлгийн үзүүлэлтийг доош татах учраас бичиг хийж өгөөд харьяалах эмнэлэг рүү нь явуул гэсэн хүйтэн шийдвэрээс хүний амь эрсдэхэд хүрч байна. Эмнэлгүүдийг нас баралтаар нь дүгнэдэг биш, тухайн жилд үзүүлсэн тусламж үйлчилгээ, оновчтой шийдвэр зэргээр нь дүгнэж болдоггүй юм уу? Нас баралтаар нь дүгнэхээр эмнэлгүүд хүнд өвчтэй хүмүүсээ нэг нэг рүүгээ шидлээд эхэлж байгаа юм...

...Зүрх нь өвдсөн хүнийг гаднаас авч ирэхэд би сэхээний эмч юм чинь юу ч бодолгүй шууд тусламж үзүүлсэн. Гэтэл ийм хүнд хүнийг яах гэж эмнэлэгт авч байгаа вэ, шууд бичиг хийгээд гаргах ёстой гэж загнуулсан. Мөн тийм журам байдаг тухай анх удаа даргаасаа сонссон. Ер нь гаднаас бие муутай хүн ирэхэд их дургүй байдаг даа. Харин одоо байгууллагын даргын тушаал гаргаад бид ийм хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлж байна... (ХЭҮК-оос хийсэн социологийн судалгаанд оролцсон СБД-ийн эмчтэй хийсэн ярилцлагаас)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dalai(124.158.120.30) 2022 оны 06 сарын 22

социализмын үед соц уралдаан гэж байлаа энд ийм үзүүлэлт байсан даа. эмнэлэгт эх амаржиж , өвчтэй хүмүүс нас бардаг газар гэж ойлгодог

0  |  0
Top