ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр 40 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй ЗХУ болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч В.А.Жанибеков, П.В.Савиных, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг өнөөдөр ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сансрын нислэгийн үеийн дурсамж яриа өрнүүлж, цаашдаа монголоос хоёр дахь нисгэгчийг бэлтгэх талаар санал солилцсон юм. Монгол улсын хувьд хоёр дахь сансрын нисгэгч эмэгтэй хүн байх санал дэвшүүлж байгаа бөгөөд энэ тал дээр ОХУ-ын сансрын нисгэгчид дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэд хэлэхдээ “Эмэгтэй хүн сансарт нисгэх санаачилгыг бид маш эергээр хүлээж авч байна.
Туршилтаас үзэхэд сансрын хөлөг дээрх зарим ажилбарыг эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү хийдэг нь харагдсан. Гэхдээ эмэгтэй хүн задгай сансарт гарахыг бол бид таашаадаггүй. Энэ бол маш хэцүү ажил. Дараагийн сансрын нислэг хийхэд ажлын даалгавраа тодорхой болгох хэрэгтэй.
Бидний үзэж байгаагаар дараагийн судалгаа нь эрүүл мэнд, геологи, экологийн чиглэлийн ажил явуулах нь зөв байх гэж үзэж байна. Дээрх саналыг ажил хэрэг болгох тал дээр хоёр тал одооноос бэлтгэл ажлаа хангаж ажиллах хэрэгтэй” гэлээ.
Уулзалтын хүрээнд Монгол улсын ШУА-иас ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр 40 жилийн ойг тохиолдуулан В.А.Жанибеков, В.А.Бабушкин нарыг ШУА-ийн “Хүндэт жуух”-аар шагнасныг гардуулж өглөө.
Мөн П.В.Савиныхт ШУА-ийн“Хүндэт доктор” цол олголоо. Сансрын нисгэгч П.В.Савиных нь ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар бөгөөд ОХУ-ын төрийн соёрхолт эрдэмтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Оросын ШУА-ийн академич хүн юм. Түүнийг Монгол-Оросын шинжлэх ухааны салбарт тэр дундаа сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж “Хүндэт доктор” цол олгож байгаа юм.
Академич П.В.Савиных нь 1981 оны хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг явуулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэрээр 1981 оны 10-р сард БНМАУ-ын баатар цол хүртжээ. Дашрамд дурдахад, П.В.Савиных 7 удаа, В.А.Жанибеков 5 удаа сансарт ниссэн юм байна.
Сэтгэгдэл ( 0 )