-“ЖДҮ бизнес хурдасгуур форум 2022” боллоо-
Хэрэглэгчдийн зан төлөв, амьдралын хэв маяг тасралтгүй өөрчлөгдсөөр байгааг судлаачид сануулж байна. Манай хэрэглэгч юу бодож, хүсээд байна вэ гэдгийг таамаглаж мэдэхэд уламжлалт маркетинг тус болохгүй нь. Хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгахад туслах Customer еxperience буюу CX менежментийн талаар CX Plus Consulting компанийг үүсгэн байгуулагч Э.Золзаяа “Хэрэглэгчийн туршлага” илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр энэ чиглэлээр дагнан ажилладаг Монголдоо анхны компанийг үндэслэгч юм байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болсон “ЖДҮ бизнес хурдасгуур форум 2022”-ын үеэр Э.Золзаяа болон бусад менторууд мэдлэг, туршлага, ноу хау-гаа ЖДҮ эрхлэгчидтэй харамгүй хуваалцлаа.
“Хэрэглэгч, харилцагчдаа сэтгэл ханамжтай байлгаж чадвал тэд илүү их худалдан авалт хийж, үнэнч хэрэглэгч болох төдийгүй танайхыг сурталчлан түгээгч фэн болдог” хэмээн Э.Золзаяа сануулсан. “SalesForce”-ийн Ковидын нөхцөл байдлаас үүдсэн хэрэглэгчийн зан төлвийн судалгаа зарим талаараа монгол хэрэглэгчдийн дунд ажиглагдаж буй өөрчлөлт, хүлээлттэй ижил төстэй үр дүнг харуулжээ.
Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 99 хувь нь цар тахлын үед тухайн байгууллага хэрхэн хариуцлагатайгаар хэрэглэгч, ажилчдаа бодож байгаа нь тэдэнд болон брэнд бүтээгдэхүүнд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна гэжээ. Ажилчдаа халамжилдаг, хэрэглэгчээ боддог байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид авахыг эрмэлздэг болсон нь судалгаагаар харагджээ.
Сонирхолтой илтгэгчдийн нэг нь “CU Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг байлаа. “Хаана хүрэх вэ гэдэг эрхэм зорилго, алсын хараагаа ажилтнууддаа хоногштол ярьж, сануулж байхгүй л бол хаашаа явж байгаагаа мартчихдаг” хэмээн тэр онцоллоо. “Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино” хэмээн Чингис хааны үгийг иш татсан тэрбээр эрхэм зорилгоо ажилтанууддаа тоть шиг давтан хэлэхээс залхдаггүй гэнэ. “Бид яагаад энэ бизнесийг хийгээд байгаа юм бэ” гэдэг шалтгаан нь эрхэм зорилго аж. Захирал шилдэг менежерүүдтэйгээ сар болгон хамт зоог барингаа өнөөхөө л ярьдаг байна. Байгууллагын соёл тогтоход тодорхой байх, хүн болгонд ойлгомжтой хэлсэн үү гэдэг чухал. Ажилчдаасаа хүсч байгаа зүйлээ яриад байдаг ч өөрөө тийм байж чадах уу гэдэг чухал. Манлайлагчаасаа хүмүүс голч шударга, тууштай байхыг хүсдэг. Хурал дээр гоё ярьдаг ч шийдвэр гаргахдаа өөр байж таарахгүй. Дагагчдаасаа хүсч буй зан чанарууд удирдагчид өөрт нь байх учиртай. Ажилтнуудынхаа гавьяа зүтгэлийг шударгаар үнэлээрэй. Би ийм зарчимтай ажиллана гэдгээ удирдагч тодорхой хэлэх хэрэгтэй. Мэдээлэл датагаа бусадтай харамгүй хуваалцаж, санхүүгийн үр дүнгээ ажилтнууддаа харуулах, ийм цэгүүдэд борлуулалт сайн, муу байгааг хүмүүстээ хэлж байхгүй бол байдал муу байгааг зөвхөн захирал ойлгож байгаа учраас ганцаараа бухимдахад хүрдэг. Энэ мэт олон сонирхолтой илтгэлийг энд сонсч, тулгамдсан асуудлаараа зөвлөгөө авч, шийдэл олох боломжийг бүрдүүлжээ. Хурлын танхимын гадна хамтрагч байгууллагуудын танилцуулга, бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байлаа.
“ЖДҮ бизнес хурдасгуур форум 2022” арга хэмжээг “Нэгүн консалтинг”, “Чилагун” про агентлаг, маркетинг зар сурталчилгааны MN Agency хамтран зохион байгуулсан юм. Тэд шалгарсан ЖДҮ эрхлэгчдэд жилийн турш маркетинг, борлуулалтын зөвлөгөө өгөх юм байна.
Б.Эгшиглэн
Сэтгэгдэл ( 0 )