ОЛОН ӨНГӨ: Соруулаас татгалзъя

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Нэг хүн ч атугай хандлагаа өөрчлөхөд юу болдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эргэн тойрны хүмүүстээ ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг. Урт хугацаанд бодож явсан ч гүйцэлдүүлж чадаагүй зүйлээ эхлүүлэх нь хамгийн чухал байдаг. Олон жилийн турш хуванцар хог хаягдлын талаар уншсаар, нэг л өдөр хуванцар хогоо багасгана даа хэмээн боддог байсан юм. Харин өнөөдөр эргэн санахад хуванцар соруул хэрэглээгүй хоёр жил болжээ. Хүмүүст итгэхээргүй зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ миний хувьд урт хугацаанд бодсон зүйлээ хэрэгжүүлж эхлээд хоёр жил болсноо ч анзаараагүй хачин хийгээд сонин бодлоор толгой дүүрсээр.

Учир нь хуванцар соруул ашиглахгүй хэмээн шийдэхэд л дэлгүүрт байгаа соруултай бүтээгдэхүүнүүдээс хамгийн түрүүнд хараагаа салгана. Кофе шопоор үйлчлүүлэхдээ соруул огт авахгүй. Соруул ямар хэрэгцээтэй зүйл юм бол хэмээн эхэндээ боддог байсан бол яваандаа бодохоо ч больсон. Ганц хүний ийм өөрчлөлт сүртэй зүйл болохгүй хэмээн олон хүнээс сонссон ч хамгийн чухал зүйл бол байгаль. Байгалиа бодож, ядаж л соруулаас татгалзсан юм.

Учир нь нэг хүн жилд дунджаар 1.5 тонн хог үйлдвэрлэдэг гэх судалгаа бий. Тэр дундаа далайд унасан хуванцар сав, гялгар уутнаас болж жил бүр 100 мянган амьтан үхдэг байна. Зөвхөн ингээд зогсохгүй соруул олон хор уршигтай.

Хуванцар материалтай учраас задралд орохын тулд олон жилийг зарцуулдаг. Хуванцраас илүү аюултай зүйл нь микропластик юм. Бидний хэрэглэдэг хуванцар соруулууд гадаа хаягдаж, хог хаягдал болох үедээ хэдэн зуун мянган ширхэг микро хуванцар болон тардаг. Энэ нь хөрс, ус, байгаль дэлхийг бохирдуулаад зогсохгүй хүн амьтныг хордуулдаг. Таны ам хамар луу орж байгааг та өөрөө ч анзаардаггүй. Соруул хамгийн аюултай хуванцрын төрөлд багтдаг өөр нэгэн шалтгаан нь ам, ходоод руу ороход амар байдагтай холбоотой.

Үхсэн амьтдын дотор эрхтнийг судалж үзэхэд соруул, микропластик гарч ирэх нь түгээмэл болсон учраас дэлхий даяар хуванцар соруулаас татгалзаж байгаа. Тиймээс надаар л дутав гэж дээ хэмээн бодолгүй бага багаар ч атугай соруулын хэрэглээгээ багасгаарай.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тв(59.153.112.236) 2022 оны 06 сарын 24

Соруул хэрэглээгүй 30 жил болж бна. Бас хуванцар савтай ямарч зүйл хэрэглэдэггүй

0  |  0
Top