Загвар, чанараараа иргэдийг татсан ЖДҮ эрхлэгчид

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион бай­гуулж байгаа юм. Дэлхий даяар тав дахь удаагаа тэмдэглэж буй энэхүү өдрийг манай улсад анх удаагаа тэмдэглэж байна. Энэ удаагийн сурвалжилгаа Сүхбаатарын талбайгаас бэлтгэлээ.


 

300 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОВ

 

Сүхбаатарын талбайн урд хэсэгт олон тооны майхан хийгээд гэр байрлуулсан байв. Төрөл бүрийн бүтээг­дэхүүний худалдаа болж буйтай холбоотойгоор хөл хөдөлгөөн ч их байсан юм. Майхан бүрд өөр өөр төрлийн бүтээгдэхүүнүүд байрласан нь хамгийн хачирхалтай байв

Үндэсний болон ажлын хувцас, шинэ ногоо, цагаан идээ, модон эдлэл, ахуйн төмөр бүтээгдэхүүн, түүгээр ч зогсохгүй арьсан, үслэг эдлэлүүд, төрөл бүрийн цай, гоо сайхны бүтээгдэхүүн, цагаа идээ, ууттай шагай гэх мэт төрөл төрлөөрөө майхан бүрд бүтээгдэхүүн байлаа. Энэхүү өдөрлөгт 21 аймаг болон есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулсан байв.

Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамгийн ихээр хохирсон. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих тухай хуулийг 2019 оны зургаадугаар сард баталсан. Тийм учраас зөвхөн жижиг, дунд үйлдвэр бус үйлчилгээг ч хамтад нь хамруулан ойлгох хэрэгтэй. Өдөрлөгөөс төрийн худалдан авалтаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хэрхэн дэмжих, оролцох, нийлүүлэх, тэдэнд ямар боломж байгаа зэрэг гарц шийдэл бий болох, үүнд чиглэсэн сургалт, мэдээллийг түгээнэ” гэсэн юм. Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд нөхцөлд орсон гэх тоон мэдээлэл бий. Тиймээс уг салбарын ажлыг байрыг дэмжих, хүний нөөцөө хадгалж үлдэхэд энэ удаагийн өдөрлөг гол түлхэц болох зүйлсийн нэг хэмээн зохион байгуулагчдын зүгээс харж байгаа ажээ. Тус өдөрлөгийн талбайн голд байрлуулсан нэгэн гэрийг сонирхоход хөөмөл, өлзий сийлбэр бүхий 180 сая төгрөгийн үнэтэй гэр аж.

 

ЖУУЛЧИД АВЧ ЯВАХАД ХӨНГӨН, СОДОН, ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН СОНИРХДОГ ГЭВ

 

Энэхүү өдөрлөгт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд өөр өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байв.

Үндэсний загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг бол Н.Баярмаа "Сампин" брэндээ анх 2019 онд үүсгэн байгуулжээ. Уг брэнд нь дээл, толгойн гоёл болох үсний хавчаар, даруулга, үсний боолт, ээмэг зэргээр энэ удаагийн өдөрлөгт оролцож байсан юм. Ингэхдээ мартагдаад буй сампин зангилааг ашигладаг гэдгээрээ онцлогтой байв.

Тэрбээр “Үндэсний загварын хувцасны хэв маяг тодорхой хэмжээнд сайжирч, төрөл бүрийн загварлаг байдлаар олон нийтэд хүрч байгаа энэ үед дээлний сампин зангилаа мартагдаад байгаа. Хэрэглэхээ больсон. Сампин зангилаа нь эв найрамдлыг бэлгэддэг. Тиймээс бүтээгдэхүүн бүрдээ сампинг ашигладаг. Гадаадад суугаа монголчууд манай бүтээгдэхүүнийг хамгийн ихээр сонирхдог” гэлээ. Харин “Only one” арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрийн хувьд жижиг хэмжээний арьсан бүтээгдэхүүнийг нь гаднын иргэд ихээр авдаг талаар дурдсан юм.

Тус брэндийг үүсгэн байгуулагч Т.Энхтөр “Манай үйлдвэр 1989 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Арьсан эдлэл бол урт хугацаанд хэрэглэдэг бүтээгдэхүүн. Ийм төрлийн бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнээсээ үнэтэй байдаг. Тиймээс эдийн засаг өсөх тусам худалдан авалт нь нэмэгддэг хачирхалтай бүтээгдэхүүн. Дотоодын худалдан авагчид сайн байдаг. Харин материал нь хүнд байдаг учраас гаднын жуулчид том оврын цүнх авах сонирхол бараг байдаггүй. Оронд нь тэлээ, түрийвч, түлхүүрний оосор гэх мэт овор багатай бүтээгдэхүүнийг нь түлхүү сонирхдог” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хүний нөөцийн асуудал хамгийн ихээр тулгардаг байна. Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс ажилчдын тогтвор суурьшилтай ажиллахад, хүний нөөцийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхөд төрийн зүгээс хамтраасай хэмээн хүсдэг талаар санал бодлоо солилцсон юм. Хүний нөөцөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр бүрдүүлж, тогтвор суурьшилтай ажиллаж буй талаараа нэгэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хуваалцав. “Interstyle” модон тавилгын үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлээд 18 жил болж байгаа ажээ. Тэд энэ удаагийн өдөрлөгт модон сандал, тавилга, ширээ, буйдангаар оролцож байсан юм.

Тус үйлдвэрийн гол онцлог нь хүний нөөц гэдгийг үүсгэн байгуулагч Ш.Төгсбаяр “Манай үйлдвэр нийт 18 ажилчинтай. Үүний 90 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий. Тэд ажлын байрандаа тогтвортой байж чаддаг. Бид ч тогтвортой ажиллуулахын тулд бүхий л боломжоор нь хангадаг. Хөгжлийн бэрхшээл янз бүрийн шалтгаантай. Миний хувьд энгийн хэмээн нэрлэдэг хүмүүсээс илүүтэй тэдэнтэй ажиллах нь амар хийгээд үр бүтээлтэй байдаг” гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй хүмүүсийн төдийлөн сонирхож ордоггүй үслэг бүтээгдэхүүний брэнд ч Сүхбаатарын талбайд олон хүний анхаарлыг татаж байлаа. Бүүвэй брэндийн зүгээс аяны нэхий, дэвсгэр, үхрийн ширээр өдөрлөгт оролцож байлаа. Түүхий эдээ өөрсдийн боловсруулах үйлдвэртээ үйлдвэрлэдгээс гадна бусад үйлдвэртэй ч хамтарч ажилладаг ажээ.  Үүсгэн байгуулагч М.Бадамринчин “Үслэг, нэхий дэвсгэрийг машиндаа хийгээд зуслангийн байшиндаа дэвсэх, хөдөө явахдаа майхандаа ч дэвсэж болно. Хүмүүс шинэ гэр бүлд ийм төрлийн дэвсгэр бэлэглэх нь бий. Дотоодын хэрэглэгчид хамгийн ихээр худалдан авдаг” гэсэн юм.

 

МОНГОЛД 43 МЯНГАН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БИЙ

 

Ямар ч улсын хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ гэдэг эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг. Манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь нийт ажил эрхлэлтийн 67.2 хувийг бүрдүүлдэг. Гэсэн ч ДНБ-ий 18.3 хувийг эзэлж байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 43.226 аж ахуйн нэгж байдаг. Тэгвэл эдгээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг худалдан авагчгүйгээр төсөөлөх боломжгүй.

Иргэн Л.Гомбожав “Монголчууд бодсоноос илүү загварлаг, төрөл бүрийн зүйл хийдэг болсон байна. Түрүүн ууттай шагай харсан. Их цэвэрхэн, торгон ууттай, үндэсний бэлгэдэл бүхий тоглоом. Сонирхож очих хүмүүс ч байлаа. Бас дээл, модон эдлэл, хүнсний бүтээгдэхүүнүүдийг олон хүн худалдаж авч байгаа нь ажиглагдсан. Мэдэхгүй брэнд ч их болжээ. Чанар ч сайн юм. Би арьсан тэлээ худалдаж аваад явж байна” гэсэн юм.

Мөн иргэн Г.Өлзийсүрэн “Дотоодод тарьсан байцай, цагаан идээ худалдаж авсан. Мөн хөмүүл худалдаалж байна билээ. Түүнээс авсныхаа дараа наадмын гоёл харахаар төлөвлөж байна. Нэг дор төрөл бүрийн зүйл худалдаалж байгаа нь бага насны хүүхэдтэй миний хувьд цаг хэмнэсэн зүйл боллоо. Эдгээр үйлдвэрлэгчдийг дэмжвэл хил хаасан ч бид ямарваа нэгэн бүтээгдэхүүний хомсдолд орох магадлал багасахаар, дэлхийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх ч боломжтой сайн чанарын дотоодын бүтээгдэхүүнүүд байна хэмээн харлаа” гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй зуны улирал ирсэнтэй холбоотойгоор эдгээр бүтээгдэхүүнийг сонирхох жуулчид ч байлаа. Бүлэг орос жуулчид монгол загварын цүнхийг ихэд сонирхож байсан юм.

Тэдний нэг өөрийгөө Оля хэмээн танилцуулав. Тэрбээр “Үндэсний хэв маягаа шингээсэн олон бүтээгдэхүүн худалдаалж байна. Бид найзуудаараа Монголын үндэсний баярыг үзэхээр ирсэн. Тиймээс үндэсний загвартай, авч явахад хялбар зүйлийг сонирхож байгаа. Өмнө нь арьсан түрийвч авсан. Энэ удаад арьсан биш ч арай загварлаг, хөнгөн цүнх сонирхож байгаа” гэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top