ОЛОН ӨНГӨ: Хурдан морь унах хүүхдийн эрх

2022 оны 07 сарын 05

Энэ жил хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаарыг нэгээр нэмж Үндэсний баяр наадмын тухай хуульд тусган баталсан байна лээ. Ер нь жил бүр л наадам дөхөхөөр хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал сөхөгддөг. “Насанд хүрээгүй хүүхдээр унуулахгүй”, “Өөрийнхөө хүүхдээр унуулж чадахгүй” гэх зэрэг шүүмжлэл цахим орчинд өрнөдөг. Гэвч үүний цаана өнөөх хүүхдүүдийн хурдан морь унах хүсэл сонирхол, эрхийг хэн ч сөхөж ярьдаггүй. Шүүмжлэлээр ажлаа явуулдаг төртэй манайх шиг улсад шүүмжлэгч нарынхаа л таалалд нийцэж байвал хүүхдийн хүсэл огт хамаагүй явж ирсэн.

Хүүхэд байхдаа хамгийн дуртай зүйлсийн маань нэг хурдан морь унах байлаа. Багширсан олон морьдын дундаас сугаран гарч, зул задрахын үест магнайд явна гэдэг бол бараг л шөнө бүрийн маань зүүд байв. Тийм ч болохоор өөрийн болоод өрөөлийн олон морийг том, бага наадмуудад унаж уралдаж явжээ. Тэр ч бүү хэл аймгийнхаа наадамд уяачтайгаа хамт морьдоо хөтлөн долоо хоног явж хүрч байлаа.

Одоо бол цаг үеэ дагаад морь унаач хүүхдүүд хэнээс дутахгүй цалин хөлстэй болсон байна билээ. Уяачид нь ч гэсэн унаачдаа алдахгүйн тулд жилийн дөрвөн улиралд тэдний ар гэрийг тойглоно. Үүнийг нь амар хялбараар амьдрах аргаа болгосон зарим нэг ухвар мөчид бодолтой эцэг, эхчүүд ч байдаг гэх юм билээ. Гэвч энэ бүхний ард өнөөх л наадамд түрүүлж байна гэж зүүдлэх хүүхдийн хурдан морь унах хүсэл, эрх давхар байгааг төр засаг, эцэг эх нь, төлбөртэйгөөр шүүмжлэгч нар нь ч бодолцох хэрэгтэй юм.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top