Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн бэлтгэлээ базаасаар байна.

Энэ удаагийн “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцож байна. Тэд үүрээр 04.00 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийлээ.

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал С.Ганбямба командлах бол тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, тугчаар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр, тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын Материал техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа С.Баяр-Очир, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номт нар ажиллах юм.

Энэ жилийн "Төрийн далбааны өдөр"-ийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхацсан жилд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас оролцох салбаруудын дунд “Тэргүүний жагсаалч удирдлага, байлдааны тугийн бүрэлдэхүүн”, “Тэргүүний жагсаалч салбар”, “Тэргүүний жагсаалч эгнээ”-г анх удаа шалгаруулна.

Энэ нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, Цэргийн ёслолын жагсаалын дүрэмч, жагсаалч, идэвх оролцоо, санаачилга, жигдрэлтийн байдлыг сайжруулах зорилготой юм. Сонирхуулахад, Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм.

Улс орны сүр жавхаа болсон цэрэг дайчдын цог золбоог илтгэн харуулдаг Цэргийн ёслолын жагсаалын түүхээс дурдвал, анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Монгол Улсад Ардын хувьсгал ялсан өдөр буюу 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд анх удаа явуулж эхэлсэн юм. Энэхүү Цэргийн ёслолын жагсаал нь Зэвсэгт хүчний хөгжлийн үе шатуудад тасралтгүй явагдаж чадаагүй ч 1970-аад оноос 1992 он хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд тогтмол явагдсаар иржээ.

Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын 1971 оны 170 дугаар тушаалаар “Ардын Армийн 50 жилийн ойн цэрэг, техникийн парад”, 1986 оны 245 дугаар тушаалаар "Ардын хувьсгалын 65 жилийн ойн зэвсэг, техникийн парад”, 1991 оны 261 дүгээр тушаалаар "Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярын цэргийн парад"-ыг тус тус явуулж байсан ба Ардын хувьсгалын ойн баяр наадмын тэгш ойн жилүүдэд цэрэг, техникийн, харин ойн бусад жилүүдэд зөвхөн цэргийн алба хаагчдын ёслолын жагсаал явагддаг байжээ.

Түүнчлэн тухайн үед Октябрийн хувьсгал ялсны буюу Октябрийн баярын өдөр мөн адил Цэргийн ёслолын жагсаал явдаг байсан ажээ. Мөн Цэргийн ёслолын жагсаал нь 1992 оноос түр тасраад 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагджээ. Тус 1992 оны Ардын хувьсгалын 71 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд Цэргийн их сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга дэд хурандаа М.Борбаатар /хошууч генерал/-аар удирдуулсан шинэ төгсөгчдийн хайрцаг түрүүлж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 30 000 төгрөгөөр шагнуулж байв.

Үүнээс хойш есөн жил завсарласны дараа 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх ёслолын үеэр Зэвсэгт хүчний анги, байгууллага, Хил хамгаалах ерөнхий газрын болон Дотоодын цэргийн ангиуд оролцсон Цэргийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд явуулсан байна. Дараа нь 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тангараг өргөх үед Цэргийн ёслолын жагсаалыг явуулсан нь тухайн үед ард иргэд, залуучуудын гүн талархлыг хүлээсэн ёслолын арга хэмжээ болжээ.

Тэрчлэн 2009 онд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” буюу долоодугаар сарын 10-ны өдөр Цэргийн ёслолын жагсаалыг дахин явуулж эхэлсэн юм.

Цэргийн ёслолын жагсаалыг дэлхийн ихэнх улс орон тэмдэглэлт баярынхаа үеэр бэлтгэн, зохион байгуулан явуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг тухайн улс орны тусгаар тогтнол, түүний батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг гэж үздэг ажээ.

Эх сурвалж: Соёмбо редакц

Гэрэл зургийг Ө.Насантогтох

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(122.201.24.113) 2022 оны 07 сарын 04

Цэргийн хувцасыг жигдлэхгүй бол өөр өөр малгайн тэмдэг зүүсэн нь муухай. Бүгд ижил байх хэрэгтэй...

0  |  0
Top